mn GB
Mobile menu

АТА Карней

АТА Карней

АТА карней нь улсын хилээр түр хугацаагаар оруулах нэр бүхий барааны хувьд гаалийн болон бусад хураамж төлөлгүйгээр, гаалийн мэдүүлгийг орлон олон улсын хэмжээнд хэрэглэгддэг гаалийн бичиг баримт юм.

АТА карней гэдэг үг нь “Admission Temporaire/Temporary Admission” гэсэн франц, англи үгнүүдийн эхний үсгүүдийн товчлол бөгөөд “Түр хугацааны зөвшөөрөл” гэсэн утгатай.

АТА карнейг хэрэглэснээр хэд хэдэн улсын хилээр орох, гарах, дамжин өнгөрөхдөө татварын урьдчилгаа төлөхгүй, гаалийн мэдүүлэг бичихгүй, ямар нэг саадгүйгээр нэвтрэх боломжтой бөгөөд ингэснээр худалдааг хөнгөвчлөх, бизнес эрхлэгчдэд гадаад зах зээл хайх, нэвтрэх боломж нээх, шинжлэх ухаан, соёл, боловсрол, спортын арга хэмжээг дэмжих, үйлчилгээг хүргэх зэрэг чухал ач холбогдолтой.

АТА карней – Гаалийн бүрдүүлэлт, хяналт

Монгол Улсад 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Засгийн Газрын 145-р тогтоолоор Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим АТА карнейг олгогч, баталгаа гаргагч байгууллагаар томилогдсон бөгөөд гаалийн байгууллага Гаалийн тухай хууль болон, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд заасны дагуу гаалийн хилээр нэвтрэх АТА карней бүхий бараанд гаалийн хяналт тавьдаг.

Манай улс “Бараа бүтээгдэхүүнийг түр хугацаагаар оруулах тухай Стамбулын конвенци”-д 2002 оны 12 дугаар сарын 5-ны өдөр нэгдэн орсон бөгөөд дараах 6 хавсралтыг авч хэрэгжүүлж байна.

• Хавсралт А (Бараа, тээврийн хэрэгслийг түр хугацаагаар оруулах бичиг баримт, АТА карней, СПД карней)
• Хавсралт В1 (Үзэсгэлэн яармаг, уулзалт бусад төстэй үйл явдлын үеэр үзүүлэх, ашиглах барааг түр оруулах)
• Хавсралт В2 (Мэргэжлийн тоног төхөөрөмжийг түр оруулах)
• Хавсралт В3 (Чингэлэг, тавиур, баглаа боодол, дээж болон арилжааны үйл ажиллагаатай холбогдох бусад барааг түр оруулах)
• Хавсралт В5 (Боловсрол, шинжлэх ухаан, соёлын зориулалттай барааг түр оруулах)
• Хавсралт С (Тээврийн хэрэгслийг түр оруулах).

Манай улс тус конвенцид элсэн орохдоо шуудан илгээмж болон биеэс тусдаа АТА карней бүхий барааг гаалийн хилээр оруулахгүйгээр баталсан бөгөөд Засгийн газрын тогтоолын хавсралтад конвенцийн А, В1, В2, В5 хавсралтуудад заасан барааг Монгол улсын хилээр түр нэвтрүүлэх эрх бүхий 11 гаалийн байгууллагын жагсаалтыг баталсан байдаг.

AТА карнейг олгох болон түүнд баталгаа гаргах үйл ажиллагааг Олон Улсын Худалдааны Танхимын дэргэдэх Дэлхийн Танхимуудын Холбооны баталгааны сүлжээний гишүүд болох баталгаа гаргагч байгууллагууд хяналт тавин ажилладаг бөгөөд бараа бүтээгдэхүүнийг 1 жилийн хугацаатай гаалийн болон бусад татвар, хураамжгүйгээр түр оруулахыг зөвшөөрч эзэмшигчид олгодог. Харин гаалийн байгууллага өөрийн улсын гаалийн хууль тогтоомжийн дагуу хяналтанд авсан өдрөөс эхлэн ямар хугацаанд буцаан гаргах, буцаан оруулахаа карнейн маягтууд дээр бичилт хийж өгдөг. Карней эзэмшигч тухайн хугацаанаас өмнө тухайн барааг гаалийн хилээр буцаан гаргах ёстой. Гаалийн байгууллагаас зааж өгсөн энэ хугацаанд тухайн барааг буцаан гаргаагүй, эсвэл буцаан оруулаагүй тохиолдолд гаалийн байгууллага тухайн бараа эзэмшигчид биш тухайн баталгаа гаргасан байгууллагад татвар төлөхийг шаардсан тухай гомдол, захидлуудыг бичиж татварыг төлүүлдэг. Тухайн гаалийн байгууллага карнейн хүчин төгөлдөр байх хугацаа дууссанаас хойш 1 жилийн дотор аливаа гомдол гаргаагүй тохиолдолд баталгаа гаргагч холбооноос гомдлыг хүлээн авдаггүй тул гаалийн байгууллага АТА карней бүхий барааны бүртгэлийн тогтолцоог боловсронгуй болгох, мэдээлэл солилцох, хаалт хийх ажлыг тогтмол хяналттай хийж гүйцэтгэдэг. Ингэснээр татвараас зайлсхийх явдлыг гаргуулахгүй байх боломжтой.

Дэлхийн ихэнх улсын гаалийн байгууллага карней олгогч байгууллагатай мэдээлэл солилцохын зэрэгцээ байгууллагын дотоод сүлжээг ашиглан хэзээ, ямар дугаартай карней бүхий бараа хилээр орсон, гарсан, түр импортын хугацаа хэзээ дуусах зэрэг талаар мэдээлэл солилцож хяналт тавьж байдаг.

АТА карней нь тухайн барааны гаалийн мэдүүлгийг орлож, гаалийн татварын баталгаа гаргадаг тул тухайн бараанд шаардагдах тарифын бус хязгаарлалтын зөвшөөрөл бичиг, баримтуудыг холбогдох хууль, журмын дагуу гаргуулан авна.

Түүнчлэн тухайн барааг гаалийн нутаг дэвсгэрээс буцаан гаргах, гаалийн нутаг дэвсгэрт буцаан оруулахдаа ямар нэгэн өөрчлөлт оруулах, зарж борлуулахгүй байх ёстой бөгөөд хэрвээ дээрх байдлаар бараанд өөрчлөлт орж, зарж борлуулсан бол холбогдох маягтуудад бичилт хийж гаалийн мэдүүлэг бичиж хавсарган карней эзэмшигчээр дамжуулан баталгаа гаргагчид хүргүүлж төлбөл зохих татвар, хураамжийг гаргуулан авдаг.

Станбулын конвенцийн хүрээнд барааг Монгол Улсын
хилээр түр хугацаагаар оруулах эрх бүхий гаалийн
байгууллагын жагсаалт

1.Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь Гаалийн салбар
2.Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Гаалийн газар
3.Улаанбаатар дахь Гаалийн газар
4.Дархан-Уул аймгийн Гаалийн хороо
5.Орхон аймгийн Гаалийн хороо
6.Хөвсгөл аймгийн Ханх дахь Гаалийн хороо
7.Баян-Өлгий аймгийн Цагааннуур дахь Гаалийн салбар
8.Дорнод аймгийн Эрээнцав дахь Гаалийн салбар
9.Ховд аймгийн Булган дахь Гаалийн салбар (Зөвхөн Булган боомт)
10.Увс аймгийн Боршоо дахь Гаалийн салбар
11.Буянт-Ухаа дахь гаалийн газар

Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн хэлтэс.

ЗӨВЛӨМЖ

Гаалийн бүрдүүлэлтэд “Хүнсний тухай хууль” болон “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг
хангах тухай хууль”-ийг хэрэгжүүлэхэд анхаарах зарим асуудал

2013 оны 03 дугаар сарын 01 өдрөөс хэрэгжиж эхэлсэн “Хүнсний тухай хууль” болон “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль”-ийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх шаардлагын үүднээс дараахь зөвлөмжийг хүргэж байна.

Үүнд:

1. Хүнсний бараа бүтээгдэхүүний импортийн бүрдүүлэлтийн үед гаалийн улсын байцаагч нар мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар хяналт шалгалтаа хийсний дараа л гаалийн хяналт, бүрдүүлэлтийн ажлаа эхлэх зарчмыг тууштай баримтлах шаардлагатай.

2. Дээрх хуулиуд нь зөвхөн 2012 оны 12 сарын 20-ны өдөр буюу хууль батлагдсан өдрөөс хойш ачигдсан хүнсний бүтээгдэхүүнд хамааралтай болохыг онцлон анхааруулж байна. Хуулийг буцааж хэрэглэдэггүй зарчмаар 2012 оны 12 сарын 20-ны өдрөөс өмнө ачигдсан хүнсний бүтээгдэхүүнд энэ хууль хамаарахгүй. 2012 оны 12 сарын 20-ноос өмнө гэрээ байгуулсан боловч 20-ноос хойш ачигдсан бараа нь энэ хуулийн үйлчлэлд хамаарна.

3. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 3.4-т заасан ...хувийн хэрэгцээндээ зориулан бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан хүнс... гэдэг заалтыг гаалийн хяналт бүрдүүлэлтэд хэрэглэхдээ зөвхөн зорчигчийн хувийн хэрэглээний хүнсний зүйл гэдэг утгаар ойлгох ёстой гэдгийг ҮХАА Яамны холбогдох алба хэлтэстэй ойлголцсон болно. Гэвч энэ асуудлыг дахин нягталж, хууль тогтоогчтой зөвлөлдөн илүү тодорхой болгох нь зүйтэй гэж үзэж байгаа болно6

4. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4.1.1-д заасан “савласан ус” гэдэг нь үгийнхээ шууд утгаар Хүнсний тухай хуульд заасан “ундны ус” гэдгээс өөр ойлголт байна. Тиймээс савласан ус нь стратегийн бүтээгдэхүүнд ордог “ундны ус” гэдэг ойлголтонд хамаарахгүй болно.

5. Хүнсний тухай хуулийн 3.1.1-д заасан хүнсийг л аж ахуйн нэгж импортоор оруулахыг заасан байна. Өөрөөр хэлбэл Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4.1.1-д заасан “хүнсний бүтээгдэхүүн” гэсэн томъёололд, дээрх 3.1.1-д заасан дээр нэмэгдэж орсон савласан ус, бүх төрлийн ундаа, бохь, хүнсний нэмэлт нь үгийнхээ шууд утгаар хамаарахгүй. Өөрөөр хэлбэл савласан ус, бүх төрлийн ундаа, бохь, хүнсний нэмэлтийг заавал аж ахуйн нэгж гэхгүй, иргэн ч оруулж болохоор хуульчилсан байгааг анхаарах хэрэгтэй.

6. Гадаад худалдааны гэрээний хувьд анхаарах зүйл бол зөвхөн Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжийн байгуулсан гэрээ юм. Тиймээс иргэний нэр дээр байгуулсан гэрээ нь хуульд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл гэрээ байгуулсан иргэн нь аж ахуйн нэгжийг төлөөлөх эрхтэй этгээд /аж ахуйн нэгжийн захирал, дэд захирал, менежер болон тухайн улсад аж ахуйн нэгжийг төлөөлөн суугаа суурин төлөөлөгч гэх мэт/ байсан ч түүнийг аж ахуйн нэгжийн байгуулсан гэрээ гэж үзэхгүй.

7. Хүнсний бүтээгдэхүүнийг импортоор оруулахад зөвхөн хүчин төгөлдөр гэрээг үндэслэл болгоно. Энд инвойс хамаарахгүй, инвойсыг үндэслэн гаалийн бүрдүүлэлт хийхгүй.

8. Аливаа маргаантай асуудлыг шийдэхдээ хуулийн үндсэн зарчмуудыг чанд баримтлах хэрэгтэй. Үүнд, ялангуяа:

a. Хуулийн заалтыг зөвхөн үгийнх нь шууд утгаар ойлгож, хэрэглэнэ. Тэр заалтыг илэрхийлсэн үгийн цаана ямар агуулга байгааг тайлбарлах нь зөвхөн эрх бүхий байгууллагуудын үүрэг байдаг. Ийм тайлбар байхгүй тохиолдолд шууд утгыг л баримталдаг зарчимтай. Ялангуяа утга ойролцоо үгүүдийг ялгаж хэрэглэхэд үүнийг чанд мөрдөх шаардлагатай. Жишээ нь “хүнс”, “хүнсний бүтээгдэхүүн” гэсэн хоёр үг хоёр өөр зүйлийг илэрхийлж байгаа учраас хуульд ялгаж оруулсан байна. “Ундны ус” болон “савласан ус” гэсэн ойлголтууд ч мөн ялгаагүй.

b. Хэрэв хуулийн үг үсэг дотор үнэхээр ойлгогдохгүй, эргэлзээтэй, салаа утгатай, шууд тайлбарлах боломжгүй зүйл гарвал үүнийг үйлчлүүлэгчид ашигтай хувилбараар тайлбарлаж хэрэглэж байх нь зөв.

Жич: Гаалийн газар хороо боомтын удирдлага, ахлах байцаагч нар нь асуудалд хариуцлагатай хандаж, энэхүү зөвлөмжийн дагуу тухайн боомтдоо ажиллаж байгаа Мэргэжлийн хяналтын байцаагч нартай нэгдсэн ойлголтонд хүрэхэд чиглэсэн арга хэмжээг нэн даруй авах нь зүйтэй.

huns1

huns2

ГЕГ-ын Хууль Эрх Зүйн хэлтэс