mn GB
Mobile menu

МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ НЭВТРҮҮЛЭХЭД БАРИМТЛАХ ХУУЛЬ, ЖУРМЫН ТУХАЙ

Энэхүү зөвлөмжийг тээврийн хэрэгсэлтэйгээ Монгол Улсад аялахаар ирж буй гадаадын иргэд болон гадаад улс оронд удаан хугацаагаар оршин сууж байгаа Монгол Улсын иргэдэд зориулав.


1. Гадаад улс оронд бүртгэлтэй тээврийн хэрэгслийг Монгол Улсын хилээр түр хугацаагаар оруулахад, Гаалийн байгууллага дор дурдсан хууль тогтоомжийг мөрдөн ажиллаж байна. Үүнд:

-Гаалийн тухай хууль /2008 онд шинэчлэн найруулагдсан/;

-Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам /ГЕГ-ын даргын 2008 оны “Журам батлах тухай” 468 дугаар тушаалаар батлагдсан/;

-Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам /ГЕГ-ын даргын 2010 оны “Журам батлах тухай” 638 дугаар тушаалаар батлагдсан/;

-Барааг гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам /ГЕГ-ын даргын 2008 оны “Журам батлах тухай” 676 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан/;

-Барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам /ГЕГ-ын даргын 2008 оны “Журам батлах тухай” 676 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан/.

-Барааг хилийн чанадад буцаан гаргах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам / ГЕГ-ын даргын 2008 оны “Журам батлах тухай” 677 дугаар тушаалын 4 дүгээр хавсралтаар батлагдсан/;

-Барааг хүлээн авахаас татгалзах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам /2008 оны “Журам батлах тухай” 680 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан/.

-Гаалийн бүрдүүлэлтийн горимыг хялбарчлах уялдуулах тухай Олон Улсын Конвенци /Монгол Улс 2006 онд нэгдэн орсон/;

-Бараа, тээврийн хэрэгслийг түр хугацаагаар оруулах тухай Конвенци /Монгол Улс 2002 онд нэгдэн орсон/.

2. Дээр дурьдсан хууль тогтоомжийн дагуу Гаалийн байгууллага дараах бичиг баримт болон мэдээллийг тээврийн хэрэгслийг жолоодон улсын хилээр орж ирсэн зорчигчоос шаардана. Үүнд:

-Тээврийн хэрэгслийн гэрчилгээ;

-Тээврийн хэрэгсэл эзэмшигч этгээдийн паспорт /Эзэмшигч нь өөр байх бол тухайн тээврийн хэрэгслийг ашиглахыг зөвшөөрсөн Нотариатчаар гэрчлүүлсэн Итгэмжлэл/;

-CPD карнейтэй тохиолдолд түүний эх хувь;

-Аялал жуулчлалын үйл ажиллагааг Монгол Улсад хариуцан зохион байгуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын нэр, хаяг, холбоо барих ажилтны утас /Монгол Улсад оршин сууж буй хувь хүний урилгаар ирж буй тохиолдолд уригч этгээдийн мэдээлэл/.

Жич: Мэдээлэл, бичиг баримтын бүрдэл нь тухайн тээврийн хэрэгслийг гаалийн болон бусад татвар хураамжгүйгээр, түр хугацаагаар оруулах нөхцлийг хангаагүй тохиолдолд Гаалийн байгууллага гаалийн бүрдүүлэлтийн горимын “500” кодоор бүрдүүлэлт хийлгэж, татварын барьцаа байршуулахыг шаардах эрхтэй.

3. Гаалийн байгууллага тээврийн хэрэгслийг түр хугацаагаар орохыг зөвшөөрсөн тохиолдолд тухайн зорчигч /тээврийн хэрэгслийг эзэмшигч этгээд/-д дараах бичиг баримтыг гаалийн холбогдох програмаас хэвлэн гаргаж, гаалийн хяналтын тамга тэмдгээр баталгаажуулан өгөх үүрэгтэй.

1

Жич: 1.Зорчигч нь энэхүү зөвшөөрлийн бичиг баримтыг тухайн тээврийн хэрэгсэлдээ хадгалж,  уг тээврийн хэрэгслээ буцаан гаргахдаа гаалийн байгууллагад хураалгана. 

Жич: 2.Түр хугацаагаар оруулсан тээврийн хэрэгслийг анх орж ирсэн боомтоор буцаан гаргахыг гаалийн байгууллага шаардахгүй.  

4. Зорчигч нь түр хугацаагаар оруулсан тээврийн хэрэгслээ буцаан гаргахгүй болсон тохиолдолд дор дурдсан арга хэмжээг авна. Үүнд:

-Зам тээврийн осол аваар гаргасан тохиолдолд Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль дүрэмд заасны дагуу зохих цагдаагийн байгууллагад мэдэгдэж, анхан шатны тусламж үйлчилгээг авах эрхтэй; 

-Эвдэрч гэмтсэний улмаас түүнийг замын хөдөлгөөнд дахин оролцуулан жолоодох боломжгүй тохиолдолд өөр бусад тээврийн хэрэгслээр тээвэрлүүлэн Гаалийн хууль тогтоомжид заасны дагуу хамгийн ойр байгаа гаалийн байгууллагад хүргэж, гаалийн бүрдүүлэлтийг хийлгэн буцаан гаргах арга хэмжээг авна.  Энэ тохиолдолд Олон улсын тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхлэгч компаниудад хандаж тээврийн болон гаалийн зуучлалын үйлчилгээ авах эрхтэй;

-Бусад тээврийн хэрэгсэл /чингэлэг болон агаарын карго ачаа, улс хооронд тээвэр хийх тусгай зориулалт бүхий автомашинд ачиж илгээх/-ээр илгээж, буцаан гаргах шаардлага үүссэн тохиолдолд мөн адил  Олон улсын тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхлэгч компаниудад хандаж тээврийн болон гаалийн зуучлалын үйлчилгээ авах эрхтэй; 

-Өөрөө жолоодон хилээр буцаж гарахгүй тохиолдолд тээврийн хэрэгсэл шилжүүлсэн  итгэмжлэлийг Монгол Улсын иргэний хуулийн дагуу хийж Нотариатчаар гэрчлүүлсэн байх шаардлагатай;

-Монгол улсад оршин суугаа бусад этгээдэд бэлэглэх, худалдах тохиолдолд  Монгол Улсын иргэний хуулийн дагуу зохих гэрээ хэлцлийг хийж Нотариатчаар гэрчлүүлсэний үндсэн дээр хамгийн ойр байрлаж буй Гаалийн байгууллагад очиж гаалийн болон бусад татвар хураамжийг төлөн гаалийн бүрдүүлэлтийг хийлгэнэ;

-Монгол Улсын нутаг дэвсгэрт түр хугацаагаар үлдээх тохиолдолд хамгийн ойр байрлаж буй Гаалийн байгууллагад очиж бүрдүүлэлт хийлгэх хүсэлтээ гаргаж, гаалийн болон бусад татварын барьцааг байршуулж бүрдүүлэлт хийлгэн, нэг хүртэлх жилээр үлдээх эрхтэй. Энэ тохиолдолд тухайн тээврийн хэрэгслээ хадгалуулан хариуцуулж буй этгээдийн талаарх мэдээллийг Гаалийн байгууллагад гаргаж өгнө;

-Гаалийн болон бусад татварын барьцааг байршуулах боломжгүй тохиолдолд Улаанбаатар хот дахь гаалийн газарт хандаж гаалийн баталгаат агуулахад оруулах горимоор гаалийн бүрдүүлэлт хийх хүсэлтээ гаргана. Гаалийн баталгаат агуулахад оруулах горимоор бүрдүүлэлт хийлгэсэн тохиолдолд хоёр жил хүртэлх хугацаагаар, гаалийн болон бусад татваргүйгээр зөвхөн агуулахад хадгалуулсан хугацааны төлбөрийг агуулах эзэмшигч этгээдэд төлөх давуу талтай юм. Гаалийн баталгаат агуулахад хадгалах хугацаа хэтэрсэн тохиолдолд тухайн тээврийн хэрэгсэл нь улсын орлогод шилжих хуулийн үндэслэлтэй болно. 

Жич: Тээврийн хэрэгсэлд ногдуулах Гаалийн албан татвар 5%, НӨАТ 10% бөгөөд суудлын автомашинд Онцгой албан татварыг ногдуулдаг. Онцгой албан татварын хувь хэмжээ нь тухайн суудлын автомашины үйлдвэрлэгдсэн он, хөдөлгүүрийн цилиндрийн багтаамжаас шалтгаалан 725,000.00₮-18,850,000.00₮ байдаг.