mn GB
Mobile menu

ИТГЭМЖЛЭГДСЭН ЭДИЙН ЗАСГИЙН ОПЕРАТОРЫН ТАНИЛЦУУЛГА

ДГБ-ын "Гадаад худалдааг хөнгөвчлөх, аюулгүй байлгах" багц стандартыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монголын гаалийн байгууллага "Итгэмжлэгдсэн эдийн засгийн оператор" хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг 2010 оноос эхлүүлсэн. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилго нь гадаад худалдааг хөнгөвчлөх, худалдааны аюулгүй байдлыг хангах, гааль-бизнесийн түншлэлийг хөгжүүлэх юм.

Тус хөтөлбөрийн онцлог бол гадаад худалдаанд оролцогч аж ахуйн нэгжийн хувьд сайн дурын үндсэн дээр нэгдэж хэрэгжүүлэх хөтөлбөр юм.  Энэхүү хөтөлбөрийн хүрээ нь олон улсын бараа нийлүүлэлтийн сүлжээнд чухал үүрэг гүйцэтгэн оролцдог экспортлогч, импортлогч, тээвэрлэгч, тээвэр зууч, гаалийн зуучлагч, гаалийн баталгаат бүсийн үйл ажиллагаа эрхлэгч гэсэн 6 төрлийг хамрах юм.

Олон улсын стандарт: Итгэмжлэгдсэн хуулийн этгээд /ДГБ-ын Киото конвенци/, итгэмжлэгдсэн эдийн засгийн оператор /ДГБ-ын багц стандарт/, итгэмжлэгдсэн оператор /ДХБ-ын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр/

Итгэмжлэгдсэн эдийн засгийн оператор гэж юу вэ? Гаалийн байгууллага бараа нийлүүлэх сүлжээний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор гадаад худалдаанд оролцогчдод тодорхой шалгуур тавьж түүнийг хангасан тохиолдолд тодорхой хөнгөлөлт үзүүлэх, гааль бизнесийн харилцан итгэлцэлд суурилсан арга ажиллагаа юм.

Гаалийн итгэмжлэгдсэн хуулийн этгээдийн хөтөлбөрийг нэвтрүүлснээр дараах үр дүнд хүрнэ:

  • ААНБ-ын өрсөлдөх чадвар дээшилж, Монгол улсын эдийн засгийн хөгжилд шууд бусаар нөлөөлнө.
  • Олон улсын түвшинд гадаад худалдааг хөнгөвчлөх чиглэлд Монгол улсын нэр хүнд өсөж, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ.
  • Гаалийн байгууллагын үйл ажиллагааны үр дүн, үр ашиг дээшилнэ.
  • Гаалийн байгууллага нөөцөө зөв хуваарилах боломж бүрдэнэ.
  • Улсын төсөвийн орлого нэмэгдэнэ.
  • Олон улсын хэмжээний хөтөлбөрт нэгдэж орсноор бусад улс орнуудтай харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр байгуулах замаар гаалийн байгууллагын хамтын ажиллагаа сайжирна.