mn GB
Mobile menu

Асуулт хариулт

ГААЛИЙН ҮНЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ТАЛААРХИ НИЙТЛЭГ АСУУЛТ, Хариулт
I ХЭСЭГ

Асуулт 1: Гаалийн үнэ гэж юу вэ?
Хариулт: Гаалийн үнэ гэдэг нь товчхондоо барааны үнийн дүнгээс хувиар тооцож татвар ногдуулах зорилгоор тогтоосон үнэ юм. Монгол улсын Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулинд “Гаалийн үнэ гэж гаалийн татвар ногдуулах, гаалийн статистик мэдээлэл гаргах зорилгоор энэ хуулийн дагуу тодорхойлсон үнэ юм” гэж тодорхойлсон байдаг.

Асуулт 2: Үнийн дүнгээс хувиар тооцох татвар гэдэгт ямар татварыг ойлгох вэ?
Хариулт: Үнийн дүнгээс хувиар тооцох татвар гэдэг нь барааны үнийн дүнд үндэслэгддэг бөгөөд энэ нь барааны үнээс хувиар тооцож ногдуулах татвар юм. Энэ татвар нь барааны тусгай хэмжих нэгж тухайлбал барааны тоо хэмжээ, жин, эзлэхүүн, багтаамж, даац зэрэгт үндэслэгддэг тусгай татвараас ялгаатай юм. Улс орны гаалийн тариф нь төрөл бүрийн бараанд ямар төрлийн татвар ногдуулахыг илэрхийлдэг. Гэсэн хэдий ч ихэнх улс орнууд барааны үнийн дүнгээс хувиар тооцож гаалийн татварыг ногдуулдаг байна.

Асуулт 3: Импортлогч импортын барааны үнийг гаальд мэдүүлэх шаардлагатай юу? Мэдүүлэх тохиолдолд ямар нотлох бичиг баримтуудыг гаалийн мэдүүлэгт хавсаргах вэ?
Хариулт: Тиймээ. Зарим улс орнууд гаалийн болон бусад татвараас чөлөөлөгдөх болон чөлөөлөгдөхгүй импортын бүх барааны мэдүүлгийг статистик мэдээ гаргахад ашигладаг бол зарим улс орнуудын хувьд тарифын хязгаар, импортын лиценз, валютын хяналтын зорилгоор барааны мэдүүлгүүдийг ашигладаг байна.

Асуулт 4: Импортлогч гаалийн болон бусад татвараас чөлөөлөгдөх барааны үнийг гаалийн байгууллагад мэдүүлэх шаардлагатай юу?
Хариулт: Мэдүүлэгч гаалийн бүрдүүлэлтийн тухайн горимд шаардагдах бичиг баримтыг үндэслэн импортын барааны гаалийн үнийг тодорхойлж, гаалийн байгууллагад мэдүүлнэ. Мэдүүлсэн тохиолдолд мэдүүлэгч гаалийн үнэ тодорхойлоход ашигласан бичиг баримтыг мэдүүлэгт хавсаргана. Энэхүү бичиг баримт нь бодит мэдээлэлд тулгуурласан, тоон үзүүлэлтээр илэрхийлэгдсэн байх ёстой. Гаалийн байгууллага харилцан хамааралтай талуудын хооронд хийгдсэн худалдаатай холбоотой эсвэл мэдүүлгийн үнэн бодит байдалд эргэлзэх тохиолдолд нэмэлт бичиг баримт, мэдээллийг мэдүүлэгчээс шаардана.

II ХЭСЭГ
ОЛОН УЛСЫН ГААЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ДҮРЭМ

Асуулт 5: Гаалийн үнэлгээний дүрмийг дэлхийн нийтээрээ хүлээн зөвшөөрсөн үү?
Хариулт: Улс орнууд өөрсдийн үндэсний хууль тогтоожийнхоо дагуу импортын барааны гаалийн үнийг тодорхойлдог. Гэсэн хэдий ч Дэлхийн Худалдааны Байгууллагын гишүүн улс орнуудын импортын барааны гаалийн үнийг тодорхойлж буй үндэсний хууль тогтоомж нь Дэлхийн Худалдааны Байгууллагаас гаргасан дараахь бичиг баримтуудад үндэслэгдсэн байдаг. Үүнд: 

• Тариф, Худалдааны Ерөнхий Хэлэлцээр-1994-ийн 7 дугаар зүйл;
• Тариф, Худалдааны Ерөнхий Хэлэлцээр-1994-ийн 7 дугаар зүйлийг хэрэгжүүлэх тухай хэлэлцээр;
• Гаалийн байгууллага мэдүүлсэн үнийн үнэн зөвд эргэлзэх учир шалтгааны талаарх Уругвайн үе шатны сайд нарын шийдвэр (энэ шийдвэр нь дараа нь Дэлхийн Худалдааны Байгууллагын Гаалийн үнэлгээний хорооны шийдвэрээр баталгаажсан) зэрэг болно.

Асуулт 6: Дэлхийн Худалдааны Байгууллагын гишүүн улс орнууд Гаалийн үнэлгээний хэлэлцээрийг ямар хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатай вэ? 
Хариулт: Ерөнхийдөө улс орнууд Дэлхийн Худалдааны байгууллагад гишүүнээр элссэн даруйдаа л Гаалийн үнэлгээний хэлэлцээрийг хэрэгжүүлэх шаардлагатай. Гэвч хөгжиж буй гишүүн улс орнуудад хэлэлцээрийг хэрэгжүүлэх хугацааг ДХБ-д гишүүнээр элссэн өдрөөс 5 хүртэл жилээр хойшлуулахыг зөвшөөрдөг.

Асуулт 7: Гаалийн үнэлгээний өөр систем байдаг уу?
Хариулт: Байдаг. Зарим улс орнууд 1953 оны “Гаалийн зорилгоор барааг үнэлэх конвеци”-д үндэслэгдсэн Брюсселийн тодорхойлолтыг өнөөг хүртэл дагаж мөрдөж байна.

Асуулт 8: Брюсселийн тодорхойлолтын дагуу барааг үнэлэх систем, Гаалийн үнэлгээний хэлэлцээрийн дагуу барааг үнэлэх систем хоёрын хоорондох гол ялгаа нь юу вэ?
Хариулт: Эхнийнх нь нээлттэй зах зээл дээрх үнэ хүрч буй барааны ердийн үнэд үндэслэгддэг бол дараагийнх нь үнэлэгдэж буй бараанд төлсөн буюу төлбөл зохих бодит үнэ дээр тулгуурладагаараа хоорондоо ялгаатай юм.

III ХЭСЭГ
ГААЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ЗАРЧИМ БОЛОН АРГУУД

Асуулт 9: Тариф худалдааны ерөнхий хэлэлцээрт гаалийн үнэлгээний ямар ямар зарчмуудыг тусгасан байдаг вэ? 
Хариулт: ТХЕХ-1994-ийн 7 дугаар зүйлийг хэрэгжүүлэх тухай хэлэлцээр нь гаалийн үнэлгээний үндсэн зарчмуудыг тогтоож өгсөн. Тухайлбал; Гаалийн үнэ нь орон нутгийн барааны үнэ эсвэл хуурамч, зохиомол, дурын үнэд үндэслэж болохгүй. Харин гаалийн үнэ нь импортын бараа болон түүнтэй ижил барааны бодит үнэд үндэслэх ёстой. Мөн энэ нь зах зээлийн төгс өрсөлдөөний ердийн үйл явц дахь худалдааны үнэ болон худалдах үнийн саналд тусгагдсан үнэд үндэслэгддэг. Хэрэв бодит үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд ойролцоо ижил барааны үнэд үндэслэх ёстой.

Асуулт 10: Гаалийн үнэлгээний хэлэлцээрт гаалийн үнэлгээний ямар ямар аргууд заагдсан байдаг вэ? 

Хариулт: Гаалийн үнийн үндэс суурь нь хэлцлийн үнэ юм. Гаалийн үнэлгээний хэлэлцээрт дараахь 6 үнэлгээний аргыг заасан байдаг. Үүнд:
1. Хэлцлийн үнийн арга;
2. Нэг төрлийн барааны хэлцлийн үнэд үндэслэн харьцуулах арга;
3. Ижил төрлийн барааны хэлцлийн үнэд үндэслэн харьцуулах арга;
4. Импортлогч оронд борлуулсан үнэд үндэслэх ялгавар үнийн арга;
5. Барааг үйлдвэрлэхэд гарсан түүхий эдийн болон үйлдвэрлэлийн зардал, ашиг зэрэгт үндэслэх нийлбэр үнийн арга;
6. Уялдуулан хэрэглэх арга зэрэг болно.
Дээрх аргуудыг эхнээс нь дарааллуулж хэрэглэх ёстой.

Асуулт 11: Ямар тохиолдолд гаалийн үнэлгээний аргуудын дэс дарааллыг өөрчлөн хэрэглэж болох вэ?
Хариулт: Гаалийн үнэлгээний хэлэлцээрийн 4 дүгээр зүйлд заасны дагуу импортлогчийн хүсэлтээр ялгавар үнийн арга болон нийлбэр үнийн аргын дэс дарааллыг сольж хэрэглэж болно.

IV ХЭСЭГ

Асуулт 12: Үнэлгээний хэлэлцээрийн дагуу гаалийн үнийг тодорхойлох үндсэн арга нь ямар арга вэ?
Хариулт: Үнэлгээний хэлэлцээрт заасны дагуу барааны гаалийн үнийг тодорхойлох үндсэн арга бол хэлцлийн үнийн арга юм.

Асуулт 13: Импортын барааны хэлцлийн үнэ гэж юу вэ?
Хариулт: Хилийн чанадаас худалдан авсан барааны худалдагчид шууд болон шууд бус байдлаар төлсөн, эсхүл төлбөл зохих бодит үнийг импортын барааны хэлцлийн үнэ гэнэ.

Асуулт 14: Төлсөн, эсхүл төлбөл зохих бодит үнэ гэдэгт юуг ойлгох вэ?
Хариулт: Төлсөн, эсхүл төлбөл зохих бодит үнэ гэдэгт импортлосон барааны үнэд худалдан авагчаас худалдагчийн орлого болгон хийсэн буюу хийх ёстой нийт төлбөрийг ойлгоно. Төлбөр нь заавал мөнгөний хөрвүүлгийн хэлбэртэй байх шаардлагагүй. Төлбөр нь аккредетивийн болон төлбөрийн бусад арга хэрэгслээр хийгдсэн байж болно. Төлбөрийг шууд болон шууд бус байдлаар гүйцэтгэж болох бөгөөд худалдан авагчийн зүгээс худалдагчийн өрийг бүрэн буюу хэсэгчилэн тооцон суутгах нь шууд бус төлбөрийн нэг жишээ юм. Зарим тохиолдолд үнийн нэхэмжлэхэд нийт төлбөрийн дүнг тусгасан байдаг бөгөөд энэ дүн нь барааны бодит үнийг ихэсгэсэн, багасгасан эсвэл хууран мэхлэх замаар төөрөгдүүлсэн бол тухайн барааны гаалийн үнийг хэлцлийн үнийн аргаар тодорхойлох боломжгүй болно.

Асуулт 15: Гаалийн байцаагч импортлогчийн мэдүүлсэн үнийг ямар тохиолдолд хүлээн зөвшөөрөх вэ?
Хариулт: Үнэлгээний хэлэлцээрийн дагуу гаалийн үнэ нь хэлцлийн үнэд үндэслэх ёстой. Гэхдээ хэлцлийн үнийн аргыг дараахь тохиолдолд хэрэглэнэ. Үүнд:
- Гаалийн байгууллага мэдүүлсэн үнийг үнэн зөв, бодит гэж үзсэн,
- Үнэлгээний нөхцөл шаардлагуудыг хангасан,
- Үнийг тодорхойлоход ашигласан бичиг баримтууд нь тоон үзүүлэлтээр илэрхийлэгдсэн, бодит мэдээлэлд тулгуурласан байх зэрэг болно.

Асуулт 16: Хэрэв гаалийн байцаагч мэдүүлсэн үнийн үнэн зөв, бодит байдалд эргэлзэх тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?
Хариулт: Гаалийн байцаагч мэдүүлсэн үнэ, ялангуяа мэдүүлэгт хавсаргасан бичиг баримтын үнэн бодит байдалд эргэлзэж байгаа, мэдүүлсэн үнэ нь импортын бараанд төлсөн буюу төлбөл зохих нийт үнийн дүнг илэрхийлж байгаа тохиолдолд тухайн байцаагч импортлогчоос нэмэлт тайлбар, мэдээллийг шаардана.

Асуулт 17: Үнэлгээний нөхцөл шаардлагууд гэж юу вэ?
Хариулт: Хэлэлцээрт заасны дагуу хэлцлийн үнийн аргаар гаалийн үнийг тодорхойлоход дараахь нөхцөл шаардлагуудыг хангасан байх ёстой. Үүнд:
1. Тухайн бараа импортлогч орон руу худалдаа хийгдснийг гэрчлэх нотолгоо байх ёстой. Ийм төрлийн нотолгоонд гадаад худалдааны гэрээ, үнийн нэхэмжлэх, бараа худалдан авах захиалга зэрэг орно.
2. Барааг ашиглах, захиран зарцуулах талаар худалдан авагчийн эрхийг дор дурьдсан хязгаарлалтуудаас өөр байдлаар хязгаарлаагүй байх ёстой. Үүнд:
а). Импортлогч орны хуулиар эрх бүхий төрийн байгууллагаас тогтоосон буюу шаардсан хязгаарлалт;
б). Барааг дамжуулан худалдах газарзүйн бүсийн хязгаарлалт, эсхүл;
в). Барааны үнэд мэдэгдэхүйц нөлөөлөхөөргүй хязгаарлалт.
3. Хэрэв борлуулалт болон үнэ нь ямар нэгэн нөхцөл буюу хүчин зүйлийн нөлөөлөлд орж, түүний улмаас үнэлэгдэж буй барааны бодит үнийг тогтоох боломжгүй болж байгаа бол хэлцлийн үнийг гаалийн үнэлгээ хийхэд ашиглаж болохгүй. Жишээлбэл худалдан авагч худалдагчаас тодорхой тоо хэмжээгээр өөр төрлийн барааг худалдан авах нөхцөлтэйгөөр тухайн импортлож байгаа барааны үнийг худалдагч тогтоох. Импортын барааны үнэ нь худалдан авагчаас тухайн импортын барааны худалдагчид зөрүүлж зарсан өөр барааны үнээс хамааралтай байх. Мөн импортлож байгаа бараатай хамааралгүй төлбөрийн хэлбэрээр тухайлбал, импортлож байгаа бараа нь хагас бэлэн бүтээгдэхүүн байгаад боловсруулалт хийсний дараа эцсийн бүтээгдэхүүнээс худалдагч тодорхой хэмжээгээр авахаар тохиролцож зарахаар тохирсон үнэ.
4. Зохих залруулга хийх боломжгүй бол худалдан авагч барааг цааш нь ямар нэг байдлаар дамжуулан худалдах, захиран зарцуулах, ашиглахаас олох орлогын тодорхой хэсгийг худалдагчид шууд, эсхүл шууд бус байдлаар буцаан төлөхгүй байх. Энэ орлогод залруулга хийхэд хангалттай мэдээлэл байх ёстой.
5. Худалдагч, худалдан авагч талууд нь хоорондоо харилцан хамааралгүй байх ёстой бөгөөд талуудын харилцан хамаарал төлсөн буюу төлбөл зохих үнэд нөлөөлөөгүй тохиолдолд хэлцлийн үнийн аргыг хэрэглэж болно. Гэхдээ импортлогч хэлцлийн үнээ шалгуур үнэ (нэг төрлийн болон ижил төрлийн барааны хэлцлийн үнэ эсвэл нийлбэр үнэ болон ялгавар үнэ)-тэй тун ойролцоо гэдгийг батлах ёстой.

Асуулт 18: Гаалийн үнэлгээнд нөлөөлөх хүчин зүйлүүд гэж юу вэ?
Хариулт: Гаалийн үнэлгээнд нөлөөлөх хүчин зүйлүүд гэдэг нь гаалийн үнийг тодорхойлоход тооцож гаргадаг зардлууд юм. Эдгээрийг дотор татвар ногдуулах болон татвар үл ногдуулах хүчин зүйлүүд гэж ангилдаг. Татвар ногдох хүчин зүйлүүд нь гаалийн үнэд нэмэгдэж тооцогддог бол татвар үл ногдох хүчин зүйлүүдийг гаалийн үнээс хасч тооцдог.
Татвар ногдох хүчин зүйлүүдэд:
- Худалдан авалтынхаас бусад комиссын болон зуучлалын шимтгэл;
- Чингэлэг ашиглалтын хөлс;
- Баглаа, боодлын зардал /баглах боох зардал, баглаа боодлын материал/;
- Импортын барааг экспортод зориулж худалдан авагчаас үнэгүй буюу багасгасан үнээр шууд, эсхүл шууд бус байдлаар нийлүүлсэн буюу үзүүлсэн дараахь бараа, ажил үйлчилгээнд тодорхой хувиар ногдох ёстой жинхэнэ төлсөн буюу төлбөл зохих үнэд ороогүй өртгийн хэсэг. Үүнд:

• Импортлож буй барааны үйлдвэрлэлд ашигласан багаж хэрэгсэл, будаг, хэв, тэдгээртэй адилтгах зүйлс;
• Импортлож буй барааг үйлдвэрлэхэд зарцуулсан материал;
• Импортлож буй барааг үйлдвэрлэхэд шаардлагатай бөгөөд импортлогч орны гадна хийж гүйцэтгэсэн инженерийн, боловсруулалтын, урлал чимэглэлийн болон загвар зохион бүтээлтийн зураг ажилбар, ажлын буюу бүдүүвч зураг, төсөл;
- Тухайн барааны төлсөн буюу төлбөл зохих үнэд шингээгүй оюуны өмч болон лиценз ашигласны төлбөр;
- Импортлож буй барааг цаашид аливаа нэгэн байдлаар дамжуулан худалдах, захиран зарцуулах, хэрэглэх явцаас олох орлогын худалдагчид шууд буюу шууд бус байдлаар шилжих бүхий л хэсэг;
- Үнийн нэхэмжлэхэд тусгагдаагүй урьдчилж хийсэн урьдчилгаа төлбөр.
Татвар үл ногдох хүчин зүйлүүд:
- Өмнө нь эдэлсэн хөнгөлөлтөөс бусад бүх төрлийн хөнгөлөлт,
- Үнийн нэхэмжлэхэд тусад нь тусгасан дараахь төлбөр хураамж:
• Хойшлогдсон төлбөрийн хүү,
• Импортлосны дараахь тээврийн болон угсарч, суурилуулах зардал,
• Импортлогч оронд төлбөл зохих татвар, хураамж зэрэг болно.

Асуулт 19: Гаалийн үнэд тээвэр, даатгал, ачих буулгах, хүргэх зардлуудыг оруулж тооцох уу?
Хариулт: Үнэлгээний хэлэлцээрт импортлогч орон өөрийн үндэсний хууль тогтоомжоороо дараахь зардлуудыг гаалийн үнэд оруулах эсвэл хасч тооцохыг зохицуулахаар заасан байдаг. Үүнд:
- Импортлож буй барааг оруулах импортын боомт буюу газар хүртэлх тээврийн зардал;
- Импортлож буй барааг оруулах боомт буюу газар хүртэл тээвэрлэхтэй холбоотой гарсан ачих, буулгах, хадгалж хамгаалах буюу боловсруулах зардал;
- Даатгалын зардал.
Эдгээр зардлуудыг гаалийн үнэд оруулах эсвэл хасч тооцох асуудал нь импортлогч орон бүрийн үндэсний хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэгдэнэ. Хэрэв эдгээр зардлуудыг гаалийн үнэд оруулж тооцдог бол CIF нөхцөлд үндэслэсэн, харин хасч тооцдог бол гаалийн үнэ нь FOB нөхцөлд үндэслэгдсэн улс орон гэж үздэг. CIF болон FOB нөхцлүүд нь Олон улсын худалдааны танхимаас гаргасан олон улсын худалдаанд худалдагч, худалдан авагчийн хүлээх үүрэг хариуцлагыг тодорхойлсон Инкотермс 2000-ын 13 нөхцлийн хоёр нь юм.

Асуулт 20: Барааг ачуулахаас өмнө хийсэн үзлэг шалгалтын зардлыг гаалийн үнэд оруулж тооцох уу?
Хариулт: Барааг ачуулахаас өмнө хийгддэг үзлэг шалгалтын зардлыг импортлогч болон импортлогч орон хариуцдаг. Энэ үзлэг шалгалт нь импортлогч орны бодлогоор эсвэл импортлогчийн өөрийнх нь шаардлага болон тухайн импортод санхүүжилт хийж буй донорын шаардлагын дагуу хийгддэг. Үзлэг шалгалт хийсэн зардлыг гаалийн үнэд оруулж тооцохгүй.

Асуулт 21: Гаалийн татварыг ихэвчлэн импортлогч орны мөнгөн тэмдэгтээр ногдуулдаг, гэтэл зарим тохиолдолд импортын барааны үнэ үнийн нэхэмжлэхэд гадаад орны мөнгөн тэмдэгтээр илэрхийлэгдсэн байдаг. Энэ тохиолдолд гаалийн үнийг хэрхэн тооцох вэ?
Хариулт: Үнэлгээний хэлэлцээрийн 9 дүгээр зүйлд гаалийн үнийг тодорхойлоход валютын хөрвүүлэг хийх талаар заасан байдаг. Энэ зүйлд зааснаар валютын хөрвүүлэг хийхэд импортлогч орны эрх бүхий байгууллагаас зохих ёсоор нийтэлсэн ханшийг ашиглах бөгөөд холбогдох валютын арилжааны нөхцлийн дагуу импортлогч орны валютаар илэрхийлэгдэх бодит өртгийг аль болохоор үр дүнтэй илэрхийлж байх ёстой.

V ХЭСЭГ
ГААЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ БУСАД АРГУУД

Асуулт 22: Нэг төрлийн барааны хэлцлийн үнийн аргыг ямар тохиолдолд хэрэглэх вэ?
Хариулт: Хэлцлийн үнийн аргыг хэрэглэх боломжгүй тохиолдолд нэг төрлийн барааны хэлцлийн үнийн аргыг хэрэглэнэ.

Асуулт 23: Нэг төрлийн бараа гэдэгт ямар барааг ойлгох вэ?
Хариулт: Үнэлгээний хэлэлцээрт заасны дагуу нэг төрлийн бараа гэдэгт дараахь барааг ойлгоно. Үүнд:
- Барааны чанар, нэр хүнд, физик шинж зэрэг бүх үзүүлэлтээрээ адилхан,
- Үнэлэгдэж буй бараатай ижил оронд үйлдвэрлэгдсэн,
- Үнэлэгдэж буй барааны үйлдвэрлэгчтэй ижил үйлдвэрлэгчийн бараа зэрэг болно.
Нэг төрлийн барааны хэлцлийн үнэд нөлөөлөхгүй барааны гаднах байдлын ялимгүй жижиг ялгаануудаас хамаарч уг барааг нэг төрлийн бараа гэж үзэхгүй байх шалтгаан болохгүй. Ижил үйлдвэрлэгчтэй нэг төрлийн барааны хэлцлийн үнэ байхгүй тохиолдолд өөр үйлдвэрлэгчийн нэг төрлийн барааны хэлцлийн үнийг сонгож болно.

Асуулт 24: Ижил төрлийн барааны хэлцлийн үнийн аргыг ямар тохиолдолд хэрэглэх вэ?
Хариулт: Хэлцлийн үнийн арга болон нэг төрлийн барааны хэлцлийн үнийн аргыг хэрэглэх боломжгүй тохиолдолд ижил төрлийн барааны хэлцлийн үнийн аргыг хэрэглэнэ. Энэ аргаар импортын барааны гаалийн үнийг тодорхойлоход үнэлэгдэж буй бараатай ижил төрлийн, ойролцоо хугацаанд импортлогдсон барааны хэлцлийн үнийг үндэслэнэ.

Асуулт 25: Ижил төрлийн бараа гэдэгт ямар барааг ойлгох вэ?
Хариулт: Үнэлгээний хэлэлцээрийн дагуу ижил төрлийн бараа гэдэгт дараахь бүхий барааг ойлгоно. Үүнд:

1. Үнэлэгдэж буй бараатай орц найрлага, хийгдсэн материалын төрлөөрөө ижил,
2. Үнэлэгдэж буй бараатай ижил үүргийг гүйцэтгэх чадвартай, арилжааны хувьд харилцан бие биенээ орлож чадах,
3. Үнэлэгдэж буй бараатай ижил оронд үйлдвэрлэгдсэн,
4. Үнэлэгдэж буй бараатай адилхан үйлдвэрлэгчтэй бараа зэрэг болно.
Үнэлэгдэж буй бараатай адилхан үйлдвэрлэгчтэй ижил төрлийн бараа байхгүй тохиолдолд өөр үйлдвэрлэгчийн ижил төрлийн барааны хэлцлийн үнийг үндэслэнэ.

Асуулт 26: Нэг төрлийн буюу ижил төрлийн барааны хэлцлийн үнийн аргыг хэрэглэх тохиолдолд ямар зохицуулалт хийх шаардлагатай вэ?
Хариулт: Нэг болон ижил төрлийн барааны хэлцлийн үнийн аргыг хэрэглэх үед харьцуулж буй бараа болон үнэлэгдэж буй бараа хоорондоо дараахь байдлуудаараа зөрүүтэй байх тохиолдолд зохих залруулгыг хийнэ. Үүнд: 

- худалдааны түвшин болон
- тоо хэмжээ зөрүүтэй,
- тээврийн болон даатгалын зардлын зөрүү, тухайлбал тээврийн төрөл, тээвэрлэлтийн зайн ялгаа зэрэг болно.

Асуулт 27: Хэрэв нэг төрлийн болон ижил төрлийн барааны хэд хэдэн хэлцлийн үнэ байх тохиолдолд ямар үнийг үндэслэж үнэлгээ хийх вэ?
Хариулт: Нэг төрлийн болон ижил төрлийн барааны хэд хэдэн хэлцлийн үнэ байх тохиолдолд тэдгээрээс хамгийн бага үнийг сонгож үнэлгээ хийнэ.

Асуулт 28: Ялгавар үнийн аргыг ямар тохиолдолд хэрэглэх вэ? Энэ аргын гол онцлогууд нь юу вэ?
Хариулт: Өмнөх аргуудаар гаалийн үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд ялгавар үнийн аргыг хэрэглэнэ. Энэ аргаар импортлогч орны дотоодын зах зээлд ойролцоо хугацаанд худалдагдсан нэг болон ижил төрлийн барааны нэгж үнийг сонгож гаалийн үнийг тогтоох бөгөөд дотоодод худалдсан барааны нэгж үнээс холбогдох зардлуудыг хасч тооцно. Ялгавар үнийн аргаар барааны үнийг тодорхойлоход хамгийн их тоо хэмжээгээр худалдагдсан нэгж үнийг сонгоно. Нэгж үнээс дараахь зардлуудыг хасч ялгавар үнийг тодорхойлно. Үүнд:
- Импортлогч оронд адилхан төрөл, зэрэглэлийн импортын барааг худалдаалахад үнэд нь нэмэгддэг комиссын шимтгэл, ашиг болон ерөнхий зардал,
- Импортлогч оронд гарсан тээврийн ердийн зардал, даатгал тэдгээртэй холбоотой зардал,
- Барааг импортлох, худалдахтай холбогдуулан импортлогч оронд төлбөл зохих гаалийн болон бусад татвар,
- Хэлэлцээрийн 8 дугаар зүйлийн 2-т заасан зардал, төлбөр зэрэг болно.

Асуулт 29: Нийлбэр үнийн аргыг ямар тохиолдолд хэрэглэх вэ? Энэ аргын гол онцлогууд нь юу вэ?
Хариулт: Нийлбэр үнийн арга бол гаалийн үнэлгээний дараагийн арга юм. Импортлогчийн хүсэлтээр ялгавар үнийн арга болон нийлбэр үнийн аргын дэс дарааллыг сольж хэрэглэж болно. Энэ аргын дагуу гаалийн үнийг тодорхойлохдоо тооцооны үнийг үндэслэнэ. Тооцооны үнэ нь:
- Барааны материал, үйлдвэрлэл болон боловсруулалтын өртөг,
- Үнийг нь тогтоож буй бараатай адилхан төрөл, зэрэглэлийн барааны борлуулалтад ихэвчлэн тусгагдах импортлогч оронд зориулж нийлүүлэх экспортлогч орны үйлдвэрлэгчийн ашиг болон нийтлэг зардлын хэмжээ,
- Гаалийн үнэд оруулж тооцох зардлуудын нийлбэрээс бүрдэнэ. Худалдагч, худалдан авагч талууд хоорондоо харилцан хамааралтай болон үйлдвэрлэгч импортлогч орны гаалийн байгууллагад нэмэлт нотолгоо болгож шаардлагатай өртөг тооцооны зардлын тооцоог гаргаж өгөх тохиолдолд дээрх аргыг хэрэглэхийг ерөнхийдөө хязгаарладаг. Үнэлгээний хэлэлцээрийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу гаалийн үнэ тогтоох зорилгоор бараа үйлдвэрлэгчийн гаргаж өгсөн мэдээллийг импортлогч орны эрх бүхий байгууллага тухайн оронд шалгаж болно. Ийм шалгалтыг үйлдвэрлэгчийн зөвшөөрснөөр тухайн орны засгийн газарт урьдчилан мэдэгдэж, зөвшөөрсөн нөхцөлд гүйцэтгэнэ.

Асуулт 30: Ямар тохиолдолд уялдуулан хэрэглэх аргыг ашиглах вэ? Энэ аргын гол онцлогууд нь юу вэ?
Хариулт: Гаалийн үнийг өмнөх аргуудаар тодорхойлох боломжгүй тохиолдолд ТХЕХ 1994-ийн 7 дугаар зүйлийн зарчим болон ерөнхий заалтуудад нийцсэн боломжийн арга хэрэгслийг ашиглах замаар импортлогч оронд байгаа мэдээлэлд үндэслэж тогтооно. Уялдуулан хэрэглэх аргаар тодорхойлогдсон гаалийн үнэ нь аль болох өмнө нь тогтоосон гаалийн үнэд үндэслэх ёстой. Энэ арга нь өмнөх аргуудад тавих нөхцөл шаардлагуудыг зөөлрүүлэх замаар хэрэглэгддэг. Жишээлбэл, Өөр өөр улс оронд үйлдвэрлэгдсэн нэг болон ижил төрлийн барааны үнийг хэрэглэж болно. Мөн нэг болон ижил төрлийн бараа үнэлэгдэж буй бараатай ойролцоо хугацаанд импортлогдсон байх ёстой гэсэн шаардлагыг уян хатан байдлаар тайлбарладаг. Ялгавар үнийн аргын хувьд бараа импортлосон байдлаараа худалдагдсан байх болон 90 хоногийн хугацааны үнийг үндэслэнэ гэсэн шаардлагуудыг мөн зөөллөж тайлбарласан байдаг.

Асуулт 31: Уялдуулан хэрэглэх аргаар гаалийн үнэ тодорхойлоход сонгох үнийн талаар ямар нэгэн хязгаарлалт бий юу?
Хариулт: Үнэлгээний хэлэлцээрт заасны дагуу уялдуудан хэрэглэх аргаар гаалийн үнэ тодорхойлоход дараахь үнүүдийг үндэслэж болохгүй. Үүнд:
• Импортлогч оронд үйлдвэрлэсэн барааг тухайн оронд худалдан борлуулдаг үнэ,
• Хоёр үнээс өндрийг нь сонгох,
• Экспортлогч орны дотоодын зах зээлийн үнэ,
• Импортлогч орноос бусад оронд экспортлоход хэрэглэдэг үнэ,
• Гаалийн доод үнэ,
• Дурын буюу зохиомол үнэ.

Асуулт 32: Үнэлгээний хэлэлцээрт хамгийн бага үнийг хэрэглэх тухай заалт бий юу?
Хариулт: Үнэлгээний хэлэлцээрийн 3 дугаар хавсралтын 2 дахь хэсэгт “Одоогоор албан ёсоор тогтоосон үнийн доод хязгаарын дагуу үнэлгээ хийж байгаа хөгжиж буй гишүүн орон бусад гишүүн орнуудтай тохиролцсон нөхцөлд үнийн доод хязгаарыг хадгалан үлдэх боломж олгосон тайлбар хийж болно гэж заасан байдаг.

VI ХЭСЭГ
ХАРИЛЦАН ХАМААРАЛТАЙ ТАЛУУДЫН ХООРОНД БАЙГУУЛСАН ХЭЛЦЭЛ

Асуулт 33: Харилцан хамааралтай талууд гэж хэн вэ?
Хариулт: Үнэлгээний хэлэлцээрийн 15 дугаар зүйлд заасны дагуу дор дурьдсан этгээдүүдийг харилцан хамааралтай гэж үзнэ. Үүнд:
- Тэд бие биенийнхээ бизнест захирал буюу ажилтнаар ажилладаг бол,
- Тэд хууль ёсоор зөвшөөрөгдсөн бизнесийн түншүүд бол,
- Тэдний нэг нь ажил олгогч, нөгөө нь ажилтан бол,
- Хоёулангийнх нь санал өгөх эрх буюу хувьцааны 5 буюу түүнээс дээш хувийг аль нэг этгээд шууд буюу шууд бусаар өмчилж, хянаж, эсхүл эзэмшдэг бол,
- Тэдний нэг нь нөгөөгөө шууд болон шууд бусаар хянадаг бол,
- Тэд хоёулаа гуравдагч этгээдийн шууд буюу шууд бус хяналтанд байдаг эсхүл
- Тэд хамтдаа гуравдагч этгээдэд шууд болон шууд бусаар хяналт тавьдаг бол,
- Тэд нэг гэр бүлийн гишүүд байх.

Асуулт 34: “Этгээд” гэдэг ойлголтод хуулийн этгээд хамаарах уу?
Хариулт: Тийм.

Асуулт 35: Худалдааны төлөөлөгч, дистрибютер, хөнгөлөлт үзүүлэгч талууд нь харилцан хамааралтай юу?
Хариулт: Үгүй. Дээрх талуудыг харилцан хамааралтай талууд гэж үзэхгүй.

Асуулт 36: Нэг нь нөгөөгөө хянах гэдэгт юуг ойлгох вэ?
Хариулт: Үнэлгээний хэлэлцээрийн дагуу нэг этгээд нөгөөгийн үйл ажиллагааг хязгаарлах буюу чиглүүлэх хууль зүйн болон практик боломжтой бол эхний этгээд нь нөгөө этгээдээ хянадаг гэж үзнэ.

Асуулт 37: Нэг гэр бүлийн гишүүд гэдэгт юуг ойлгох вэ?
Хариулт: Үнэлгээний хэлэлцээрт үүнийг тайлбарласан заалт байхгүй. Гэвч импортлогч орны дотоодын хууль тогтоомжид зааснаар дараахь гишүүдийг нэг гэр бүлийн гишүүдэд хамааруулж болно. 

- Эхнэр болон нөхөр;
- Эцэг эх болон хүүхдүүд;
- Ах болон эгч;
- Ах дүүс;
- Эгч дүүс;
- Өвөө, эмээ болон ач хүү, ач охин;
- Авга, нагац ах болон зээ хүү;
- Авга, нагац ах болон зээ охин;
- Авга, нагац эгч болон зээ хүү;
- Авга, нагац эгч болон зээ охин;
- Хадам ах;
- Хадам эгч;
- Хадам дүү;
- Хадам аав, ээж болон дагавар хүүхэд.

Асуулт 38: Харилцан хамааралтай талуудын хооронд хийгдсэн хэлцлийн үнийг гаалийн үнэ тодорхойлоход хэрэглэж болох уу? 
Хариулт: Ерөнхийдөө харилцан хамааралгүй талуудын хооронд хийгдсэн худалдааны хэлцлийн үнийг гаалийн үнэ тодорхойлоход хүлээн зөвшөөрдөг хэдий ч дараахь тохиолдолд харилцан хамааралтай талуудын хооронд хийгдсэн худалдааны хэлцлийн үнийг гаалийн үнэ тодорхойлоход хэрэглэж болно. Үүнд:
- Худалдааны нөхцөл байдал нь нягтлан шалгагдсан бөгөөд худалдагч, худалдан авагч талуудын харилцан хамаарал нь үнэд нөлөөлөөгүй бол,
- Импортлогч хэлцлийн үнийг өмнө нь гаалийн байгууллагаас хүлээн зөвшөөрөгдсөн “шалгуур үнэ”-тэй ихээхэн ойролцоо байгааг нотолж байвал хэлцлийн үнийг гаалийн үнэлгээнд хүлээн зөвшөөрнө.

Асуулт 39: “Шалгуур үнэ” гэж юу вэ?
Хариулт: Шалгуур үнэ гэдэг нь нэг талаас импортлогч оронд харилцан хамааралгүй этгээдэд худалдсан нэг төрлийн болон ижил төрлийн барааны хэлцлийн үнэ бөгөөд нөгөө талаас нэг төрлийн болон ижил төрлийн барааны ялгавар буюу нийлбэр үнэ юм. Шалгуур үнэ нь импортлогчийн санаачлагаар болон орлуулах үнэ болгон ашиглагдахгүй. Хэлцлийн үнэ нь өөрөө шалгуур үнэтэй ихээхэн ойролцоо байж гаалийн үнэ тодорхойлоход хүлээн зөвшөөрөгдөнө.

Асуулт 40: “Адил ангилал бүлгийн бараа” гэдэгт ямар барааг ойлгох вэ?
Хариулт: Гаалийн үнэлгээний хэлэлцээрт тодорхойлсны дагуу “Адил ангилал бүлгийн бараа” гэдэгт тодорхой нэг үйлдвэрийн газар, түүний салбарын хүрээнд үйлдвэрлэгдсэн нэг төрлийн болон ижил төрлийн барааг багтаасан хэсэг буюу бүлэг бараа хамаарна. Энэ ойлголт нь ялгавар буюу нийлбэр үнийн аргаар гаалийн үнийг тодорхойлохтой холбоотой. Гэсэн хэдий ч ялгавар үнийн аргаар үнийг тодорхойлоход ижил орноос болон бусад орноос импортлогдсон бараа байна уу гэдгийг тооцож үзэх хэрэгтэй учир нийлбэр үнийн аргаар гаалийн үнийг тодорхойлоход тухайн бараа нь ижил орноос импортлогдсон байх ёстой.

Асуулт 41: Дэмжлэг буюу туслалцаа гэж юу вэ?
Хариулт: Дэмжлэг буюу туслалцаа гэдэгт импортын барааны үйлдвэрлэлд зориулж худалдан авагчаас үнэгүй буюу багасгасан үнээр нийлүүлсэн дараахь бараа, ажил үйлчилгээг ойлгоно. Үүнд: 

1. Импортлож буй бараанд ашигласан материал, бүрдэл хэсэг, эд анги, тэдгээртэй адилтгах зүйлс;
2. Импортлож буй барааны үйлдвэрлэлд ашигласан багаж хэрэгсэл, хэв, тэдгээртэй адилтгах зүйлс;
3. Импортлож буй барааг үйлдвэрлэхэд зарцуулсан материал;
4. Импортлож буй барааны үйлдвэрлэлд шаардлагатай бөгөөд импортлогч орны гадна хийж гүйцэтгэсэн инженерийн, боловсруулалтын, урлал чимэглэлийн болон загвар зохион бүтээлтийн зураг, ажилбар, ажлын буюу бүдүүвч зураг төсөл.
Эдгээр дэмжлэг буюу туслалцаа нь үнэлгээний хэлэлцээрийн 8.1 (b)-д заагдсан байдаг. Худалдан авагчаас шууд болон шууд бусаар нийлүүлсэн дээрх туслалцааны үнийг жинхэнэ төлсөн буюу төлбөл зохих үнэ дээр нэмж тооцно. Дээрх туслалцаанууд нь худалдан авагчийн гадаад хамтранчаар дамжин бараа нийлүүлэгчид хүрдэг. Энэ тохиолдолд нийлүүлэгчид төлөх жинхэнэ төлсөн буюу төлөх үнэд туслалцааны өртөг шингээгүй байдаг бөгөөд худалдан авагч төлбөрийг өөрийн гадаад хамтрагчдаа тусд нь хийдэг. Тэр төлбөр дээр гаалийн үнийг тодорхойлоход ашиглах импортын барааны төлсөн буюу төлбөл зохих үнийг нэмээгүй байдаг.

Асуулт 42: Гаалийн үнэлгээнд барааны төлбөрийн хүүгийн төлбөрийг хэрхэн тооцдог вэ? ?
Хариулт: Худалдагч, худалдан авагчийн хооронд тухайн барааны хойшлогдсон төлбөрийн хүүгийн нийт дүнг тусгасан санхүүгийн хэлцэл хийж болно. Гэвч энэ дүнг төлбөл зохих үнээс салгаж болохгүй. Үнэлгээний хэлэлцээрт хүүгийн төлбөрийг төлсөн буюу төлбөл зохих бодит үнээс хасч тооцох заалт байхгүй. Гэсэн хэдий ч Дэлхийн худалдааны байгууллагын Гаалийн үнэлгээний хороо нь дараахь шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэрийн дагуу импортын барааг худалдан авахтай холбогдсон хүүгийн төлбөрийг дараахь тохиолдлуудад гаалийн үнэд оруулж тооцохгүй.
1. Хүүгийн төлбөр нь тухайн барааны төлсөн буюу төлбөл зохих бодит үнээс ялгарч харагдаж байгаа бол,
2. Хойшлогдсон төлбөрийн хүүгийн талаархи худалдагч, худалдан авагчийн хоорондын санхүүгийн хэлцэл нь бичгээр хийгдсэн бол,
3. Мөн худалдан авагч нь:
- Тухайн мэдүүлж байгаа үнээр барааг худалдан авсанаа нотлож байгаа бол,
- Хэлцлийн дагуу төлөх ёстой хүүгийн хувь хэмжээ нь тэр улсад тухайн үед мөрдөгдөж байгаа хүүгийн дундаж хувь хэмжээнээс хэтрээгүй байгааг санхүүгийн байгууллагаар баталгаажуулсан бол тус тус гаалийн үнэд оруулж тооцохгүй.

VII ХЭСЭГ
ҮНЭЛГЭЭНИЙ ХЯНАЛТ

Асуулт 43: Гаалийн үнэлгээний хэлэлцээр нь импортлогчид ямар ач холбогдолтой вэ?
Хариулт: Гаалийн үнэлгээний хэлэлцээр нь худалдааны таатай нөхцлийг бий болгож, худалдааг хөнгөвчлөхөд чиглэсэн хэлэлцээр юм. Энэ нь ДХБ-ын гишүүн орнуудын дунд гаалийн үнэлгээний харилцан уялдаа бүхий системийг бий болгоход чиглэж байна. Харин гишүүн биш орнуудын хувьд энэхүү хэлэлцээрийн зарчмыг мөрдөж байна. Гаалийн үнэлгээний хэлэлцээрт зааснаар хэлцлийн үнийн арга үнэлгээний үндсэн, хамгийн эхний арга болсноор татвар төлөх үүрэг хариуцлагыг урьдчилан тодорхой болгож өгсөн. Түүнчлэн гаалийн үнийг илүү бодитой, ил тод байдлаар тодорхойлох, гаалийн бүрдүүлэлтийг түргэн шуурхай хийх боломжийг бий болгож байна. Хэлэлцээр нь импортлогч нарт тодорхой эрхийг олгодог.

VII ХЭСЭГ
ҮНЭЛГЭЭНИЙ ХЯНАЛТ

Асуулт 44: Гаалийн үнэлгээний хэлэлцээрт үндэслэсэн өөрийн орны үнэлгээтэй холбоотой хууль тогтоомжийг мөрдөхөд импортлогч нарын зүгээс юу хийх шаардлагатай вэ?
Хариулт: Импортлогчийн оршин сууж байгаа орны гаалийн тарифын дагуу барааны гаалийн үнээс хувиар тооцож татвар ногдуулж байгаа эсэхийг юуны өмнө мэдэх хэрэгтэй. Хэрэв тийм бол импортын барааны дагалдах баримтад тусгагдсан бараанд бодитоор төлсөн үнийг гаальд үнэн зөв мэдүүлэх ёстой. Хэрэв нийлүүлэгч талтай харилцан хамааралтай, төлбөрийг гүйцэд хийгээгүй, барааг худалдан авахтай холбоотойгоор ямар нэг тусгай нөхцөл, болзол шаардсан тохиолдолд энэ талаар гаалийн байгууллагад мэдээлэх шаардлагатай. Түүнчлэн худалдан авалтын захиалга, худалдааны гэрээ, үнийн нэхэмжлэх, тээврийн болон даатгалын баримт зэрэг импортын холбогдох бичиг баримтын хуулбарыг гаальд гаргаж өгөх хэрэгтэй.

Асуулт 45: Барааг хэлцлийн үнээр үнэлэх боломжгүй тохиолдолд импортлогч юу хийх вэ?
Хариулт: Гаалийн үнэлгээний хэлэлцээрийн Ерөнхий тайлбарын 2-т зааснаар хэлцлийн үнийн аргаар гаалийн үнийг тодорхойлох боломжгүй бол гаалийн ажилтан болон импортлогч нар үнэлгээг тодорхойлох дараагийн арга замын талаар хоорондоо зөвлөлдөх шаардлагатай. Гаалийн үнийг тодорхойлохдоо талууд ил тод байдлаар хамтран зөвлөлдөх нь чухал ач холбогдолтой талаар хэлэлцээрт тусгасан байдаг. Худалдааны болон төлбөрийн нөхцлийн талаарх мэдээллийг бүрэн гаргаж өгснөөр гаалийн үнийг урьдчилан, үнэн зөв тодорхойлоход тус дөхөм болно.

Асуулт 46: Импортлогч нь ялангуяа нийлүүлэгч талтай харилцан хамааралтай тохиолдолд гаалийн үнийг урьдаас тодорхойлуулж, урьдчилсан бүрдүүлэлт хийлгэж болох уу?
Хариулт: Хэлэлцээрт энэ талаар зохицуулсан болон хориглосон заалт байхгүй. Импортлогч өөрийн орны холбогдох хууль тогтоомжийг судлан үзэж, холбогдох бичиг баримтуудыг урьдчилан гарган өгч, бүрдүүлэлт хийж болох эсэх талаар арга замыг эрэлхийлэх шаардлагатай.

Асуулт 47: Импортын барааны гаалийг үнийг үнэн зөв тодорхойлохын тулд гаалийн байгууллагын зүгээс хяналтын ямар системийг нэвтрүүлэх шаардлагатай вэ?
Хариулт: Улс орон бүрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн нэгдсэн систем гэж байхгүй. Гэвч тухайн улс өөрийн орны худалдааны эргэлтийн хэмжээ, хилийн боомтын тоо зэргийг харгалзан үзэж үнэлгээний хяналт төвлөрсөн байдлаар удирдах төв байгууллага дээрээ, эсхүл өөрийн харъяа байгууллагуудаар дамжуулан үнэлгээний хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулах нь зүйтэй. Түүнчлэн импортлогчийн ямар төрлийн худалдаа эрхэлж байгаагаас шалтгаалан бүрдүүлэлтийн өмнөх болон дараахь шалгалтыг хийх сонголт бас бий. Импортлогч нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа тохиолдолд мөн түүний үйлдвэрийн газарт бүрдүүлэлтийн дараахь шалгалтыг тогтмол хугацаанд хийх нь илүү тохиромжтой байдаг. Түүнчлэн тогтмол бус хугацаанд өөр өөр боомтоор бараа импортлож байгаа, үйл ажиллагаа явуулдаг тогтсон газар байхгүй худалдаа эрхлэгч нарын хувьд бүрдүүлэлтийн өмнөх шалгалтыг хийх нь тохиромжтой. Ихэнхи орны гаалийн байгууллагуудын хувьд гаалийн мэдүүлгийг бүрдүүлэлтийн өмнөх шалгалтын бичиг баримт гэж үздэг. Бага хэмжээтэй үнэ багатай барааны хувьд гаалийн мэдүүлэг бичихээс аль болох татгалзна. Эрсдлийн шалгуур үзүүлэлт болон өмнөх бүрдүүлэлтийг сайтар судлан шинжилснээр тодорхой импорт, эсхүл тодорхой импортлогч нарыг эрсдлийн дүн шинжилгээ хийх замаар сонгож шалгах нь зүйтэй.

Асуулт 48: Импортын гаалийн бүрдүүлэлт дуусгавар болж, татвар төлсний дараа импортлогч нар бүрдүүлэлттэй холбоотой мэдээллийг хадгалах шаардлагатай юу?
Хариулт: Импортын бүрдүүлэлт хийсний дараа тодорхой хугацаанд гаалийн байгууллагаас аудитын шалгалт хийдэг. Иймд импортын хэлцэлтэй холбоотой мэдээллийг импортлогч хадгалах шаардлагатай.

Асуулт 49: Гаалийн үнийг буруу мэдүүлсэн үйлдэлд үндэсний хууль тогтоомжийн дагуу торгууль, шийтгэл хүлээлгэх ёстой юу?
Хариулт: Гаалийн үнэлгээний хэлэлцээр нь үнийг буруу мэдүүлэх явдлыг сайшаадаггүй. Гэвч торгууль шийтгэлтэй холбоотой ямар нэг заалт, зөвлөмж хэлэлцээрт байхгүй. Иймд улс орон бүр үнэлгээний луйврыг таслан зогсоохын торгууль шийтгэлтэй холбоотой заалтыг үндэсний хууль тогтоомждоо оруулж өгсөн байдаг. Манай улсын хувьд гаалийн үнийг буруу мэдүүлсэн үйлдэлд хүлээлгэх хариуцлагыг Гаалийн тарифын тухай хуулинд заасан өгсөн. Улс орнууд улсын төсвийн орлогыг бууруулж, худалдааны орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж, хууль ёсны дагуу худалдаа эрхэлж байгаа бизнесийн хүрээнийхэнд хохирол учруулж байгаа луйвартай хатуу тэмцэх ёстой.

Асуулт 50: Үнийн мэдээллийн баазыг бий болгох шаардлага бий юу?
Хариулт: Өмнөх үеийн болон одоогийн импортын мэдээллээс үнийн мэдээллийн бааз үүсгэх, ялангуяа тоо хэмжээ, чанар, худалдааны түвшин, гарал үүслийн улс, үйлдвэрлэгч, нэр хүнд зэргээрээ ялгаатай бараануудын талаарх мэдээллийг нэгтгэн боловсруулж харьцуулалт болгон ашиглана гэдэг нь амаргүй ажил юм. Тухайн улсын импортын барааны сагс нь ихээхэн хэмжээтэй тохиолдолд үнийн мэдээллийн баазыг боловсруулж, ашиглах, шинэчлэхэд санхүү, боловсон хүчин болон техникийн хангалттай нөөц шаардлагатай. Гэсэн хэдий ч нэг төрлийн болон ижил төрлийн барааны хэлцлийн үнэ дээр тулгуурлан гаалийн үнийг тодорхойлоход ҮМБ чухал ач холбогдолтой. Түүнчлэн болзошгүй үнэлгээний луйврыг илрүүлэхэд ҮМБ-ыг ашиглана.

VIII ХЭСЭГ
МЭДҮҮЛЭГЧИЙН ЭРХ

Асуулт 51: Гаалийн байгууллагаас тодорхойлсон үнийг мэдүүлэгч хүлээн зөвшөөрөхгүй байж болох уу?
Хариулт: Гаалийн үнэлгээний хэлэлцээрийн 11-р зүйлд зааснаар гаалийн үнэлгээг тодорхойлсон гаалийн ажилтны шийдвэрт гомдол гаргах харилцааг тус хэлэлцээрийн гишүүн орнууд өөрийн хууль тогтоомжоороо зохицуулах ёстой. Иймд Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 8.6 дахь хэсэгт заасны дагуу мэдүүлэгч гаалийн байгууллагаас тодорхойлсон гаалийн үнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол гаалийн байгууллагаас уг үнийг тодорхойлсноос хойш 45 хоногийн дотор нэмэлт нотлох баримт гарган өөрийн мэдүүлсэн үнийг үнэн зөв гэдгийг нотолсон тохиолдолд гаалийн байгууллага нь мэдүүлэгчийн тодорхойлсон үнийг үндэслэн гаалийн үнийг шинээр тогтоож болно. Мөн мэдүүлэгч гаалийн байгууллагаас тогтоосон үнэтэй холбогдох гомдлыг Гаалийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн дагуу гаргах эрхтэй.

Асуулт 52: Гомдол гаргасан импортлогч болон мэдүүлэгч ногдуулсан гаалийн татварыг бүрэн төлөх шаардлагатай юу?
Хариулт: Гаалийн байгууллагаас гаалийн үнийг тодорхойлсон шийдвэрт гомдол гаргаж байгаа учраас тухайн импортлогч нь шууд хариуцлага тооцох субьект болохгүй. Гаалийн байгууллага гомдол гаргахаас өмнө ногдуулсан гаалийн татварыг бүрэн төлж барагдуулах шаардлага тавихгүй. Зарим улс оронд гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл татвар төлөх баталгаа гаргуулах, эсхүл барьцаа хөрөнгө авах замаар үнийн маргаантай байгаа хэсэгт ялгавартай татвар ногдуулах эрх зүйн зохицуулалтыг хийж өгсөн байдаг. Манай улсын хувьд ийм зохицуулалт байхгүй.

Асуулт 53: Импортлогч гаалийн үнийг хэрхэн тодорхойлсон талаар тайлбар мэдээлэл авах эрхтэй юу?
Хариулт: Гаалийн үнэлгээний хэлэлцээрийн 16-р зүйлд зааснаар импортлогч нар бичгээр хүсэлт гаргаснаар гаалийн үнийг хэрхэн тодрохойлсон талаар гаалийн байгууллагаас бичгээр тайлбар гаргуулах эрхтэй. Харилцан хамааралтай талуудын хооронд хэлцэл хийгдсэн тохиолдолд хэлэлцээрийн 1.2-т заасны дагуу гаалийн байгууллагад харилцан хамаарал үнэд нөлөөлсөн гэж үзэх үндэслэл байгаа бол импортлогчид энэ талаар мэдэгдэх, түүнчлэн хариу тайлбар гаргаж өгөх боломжоор хангах шаардлагатай. Импортлогчийн хүсэлтээр тайлбарыг бичгээр гаргаж өгнө. ДХБ-ын байгууллагын Гаалийн Үнэлгээний Хорооноос Уругвай Раундын Сайд нарын Зөвлөлийн шийдвэрийг баталсан байна. Уг шийдвэрт зааснаар гаалийн үнийн үнэн зөв эсэх талаар үндэслэл байгаа тохиолдолд гаалийн байгууллагууд хэлцлийн үнээр гаалийн үнийг тодорхойлж болохгүй бөгөөд энэхүү үндэслэлийн талаар импортлогч хүсвэл бичгээр мэдэгдэх, хариу тайлбар гаргах боломжоор хангах шаардлагатай. Эцсийн шийдвэрийн талаар импортлогчид мэдэгдэх үүрэгтэй.

Асуулт 54: Үнэлгээний хэлэлцээрт дээрхээс гадна импортлогчийн ямар эрхүүдийг тусгасан байдаг вэ?
Хариулт: Үнэлгээний хэлэлцээрийн 4-р зүйлд заасны дагуу импортлогч ялгавар болон нийлбэр үнийн аргын дэс дарааллыг сольж хэрэглэх талаар хүсэлт гаргах эрхтэй. Хөгжиж байгаа орнуудын хувьд энэ талаар тайлбар хийж болох бөгөөд гаалийн байгууллагын хувьд дээрх аргуудыг сольж хэрэглэх зөвшөөрлийг урьдчилан олгох байдлаар шийдвэрлэнэ. Мөн хэлэлцээрийн 5.2-т заасны дагуу импортлогч бараанд боловсруулалт хийсний дараа худалдан борлуулсан үнийг үндэслэн гаалийн үнийг тогтоолгох тухай хүсэлт тавьж болно. Хөгжиж байгаа орнуудын хувьд импортлогч хүсэлт гаргасан эсэхийг үл харгалзан хэлэлцээрийн 5.2-т холбогдох тайлбарыг хийж болно.

IХ ХЭСЭГ
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ

Асуулт 55: Үнэлгээний хэлэцээр нь гаалийн байгууллагын эрхийг ямар нэг хэмжээгээр хязгаарладаг уу?
Хариулт: Хэлэлцээрийн 17 дугаар зүйлд гаалийн үнэлгээний зорилгоор бүрдүүлсэн мэдүүлэг, бичиг баримт болон өргөдлийн үнэн зөв, бодит байдлыг нягтлан шалгах гаалийн байгууллагын эрх хэмжээг хязгаарлах буюу эргэлзээ болох зүйл энэ хэлэлцээрт тусгагдаагүй. Түүнчлэн хэлэлцээрийн 3-р хавсралтын 6 дахь хэсэгт гаалийн байгууллагын эрх хэмжээний талаар тусгасан байдаг. Гаалийн үнийг тогтоохтой холбоотой гаальд мэдүүлсэн буюу гаргаж өгсөн үнийн бүрдэл хэсгүүдийн үнэн зөвийг шалгах үүднээс тайлбар лавлагаа авч болно

Асуулт 56: Гаальд мэдүүлсэн үнийн талаар эргэлзээ байгаа тохиолдолд ямар үйл ажиллагааг нээлттэй ил тод хийж болох вэ?
Хариулт: ДХБ-ын байгууллагын Гаалийн Үнэлгээний Хорооноос Уругвай Раундын Сайд нарын Зөвлөлийн шийдвэрийн дагуу гаалийн байгууллага үнийг тодорхойлох талаар тайлбар лавлагааг авах бөгөөд үнэн зөвийг тодорхойлоход тайлбар хангалтгүй байгаа тохиолдолд мэдүүлж байгаа үнээс буюу хэлцлийн үнээс татгалзаж болно. Энэхүү шийдвэрийн дагуу чиглэл болгож байгаа зарчим бол гаалийн үнийг тодорхойлохдоо үнэлгээний бусад аргуудыг дэс дараалан хэрэглэх явдал юм.

ГААЛИЙН ХЯНАЛТ, ЭРСДЛИЙН УДИРДЛАГЫН ГАЗАР