mn GB
Mobile menu

“ОЛОН УЛСЫН ГААЛИЙН БАЯР 2019”

Workshop

Гаалийн хамтын ажиллагааны зөвлөлийн конвенц 1952 оны 11 дүгээр сарын 4-нд хүчин төгөлдөр болсноор, одоогийн Дэлхийн гаалийн байгууллага (ДГБ) 17 гишүүнтэй байгуулагдан, уг зөвлөлийн анхны хурал 1953 оны 1 дүгээр сарын 26-нд хуралдсан түүхтэй. Өдгөө тус байгууллага дэлхийн 183 орныг эгнээндээ нэгтгэн, 6 бүсэд үйл ажиллагаагаа явуулж, дэлхийн хэмжээний гадаад худалдааны бараа эргэлтийн 98 хувьд хяналт тавьж байна.

Гаалийн хамтын ажиллагааны зөвлөл байгуулагдсан 1 дүгээр сарын 26-ны өдрийг 1982 оноос хойш “Олон улсын гаалийн баяр”-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн бөгөөд Гаалийн хамтын ажиллагааны зөвлөлийн нэрийг 1994 онд албан ёсоор “Дэлхийн гаалийн байгууллага” болгон өөрчилсөн түүхтэй.

ДГБ-ын өдөр тутмын үйл ажиллагааг Бельги Улсын Брюссель хотноо байрлах Нарийн бичгийн дарга нарын газар удирдан, зохион байгуулдаг. ДГБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга жил бүр илгээлт гарган тухайн жилийн уриаг танилцуулдаг.  

ДГБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ноён Кунио Микурия илгээлтдээ 2019 оныг зорчигчийн болон барааны хөдөлгөөний урсгалыг илүү хялбар болгох чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг нэгтгэх, улам өргөжүүлэн боловсронгуй болгох, цаашлаад даяарчлалыг эерэг хүч болгон хувиргахад гаалийн байгууллага тэргүүлэн оролцох шаардлагатай хэмээн энэ жилийн уриаг “Худалдаа, аялал жуулчлал, тээврийг саадгүй нэвтрүүлэх УХААЛАГ хил” болгон зарлаж байгааг мэдэгдсэн юм.

Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт ДГБ-ын гишүүн 183 орны 780 мянган гаалийн ажилтнууд “Олон улсын гааль” байгуулагдсаны тэмдэглэлт өдрийг “Худалдаа, аялал жуулчлал, тээврийг саадгүй нэвтрүүлэх УХААЛАГ хил” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Монгол Улс 1991 онд ДГБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсэн орсноор тус байгууллагын бодлого, чиглэлийг боловсруулахад зохих ёсоор оролцож үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллаж ирсэн бөгөөд Монголын гаалийн байгууллага 2019 оныг “Дэвшилтэт технологи- ухаалаг хяналт”-ын жил хэмээн зарлаж байна.

Гаалийн ерөнхий газар, түүний харьяа гаалийн газар, хороодын 1460 гаалийн ажилтнууд “Олон улсын гаалийн баяр 2019” өдөрлөгийг орон даяар зохион байгуулж байна. Энэ үеэр ДГБ-ын 2019 онд дэвшүүлж буй уриаг дэлгэрэнгүй танилцуулж, ДГБ-ын бодлого чиглэл, энэ жилийн төлөвлөсөн ажил, “УХААЛАГ”-аар хэрхэн ажиллах талаар мэдээлэл өгөв. Өдөрлөгийн үеэр ДГБ-ын бодлого, чиглэлийг үйл ажиллагаандаа тусгах, үндэсний хэмжээнд зохион байгуулсан гадаад, дотоод арга хэмжээ, хөрш орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, Монголын гаалийн байгууллагын чиг үүргийн хэрэгжилтийг хангахад онцгой хувь нэмэр оруулсан гаалийн ажилтнуудыг ДГБ-ын сайшаалын гэрчилгээгээр шагнан урамшуулж, Гаалийн улсын байцаагчийн “ТАНГАРГИЙН БАТЛАМЖ”-д гарын үсэг зурах зэрэг ёслолын үйл ажиллагааг зохион байгууллаа.

IMG 0146

IMG 0042

 

IMG 0114

Монгол төрийн өмнө гаалийн албаны хүлээсэн ариун үүрэг, өндөр хариуцлагыг нэр төртэй авч яваа Гаалийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн болон гаалийн харилцаанд оролцогч та бүхэнд Олон улсын гаалийн баярын 67 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье!

 

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР