mn GB
Mobile menu

Хүний нөөцийн ил тод байдал

2010 оны 2 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 29 Улаанбаатар хот

Гаалийн байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх орох иргэнээс мэргэшлийн шалгалт авах журам батлах тухай

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8, Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 63 дугаар тогтоолоор баталсан ”Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-ын 6-д заасныг баримталж, Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТОГТООХ нь:

1. “Гаалийн байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх орох иргэнээс мэргэшлийн шалгалт авах журам”-ыг хавсралтаар баталсугай.
2. Энэхүү журмыг чанд мөрдөж ажиллахыг Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл (Д.Цэвээнжав)-д үүрэг болгосугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн “Журам батлах тухай” 2003 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 23 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

 

ДАРГА                                         Д.ЗҮМБЭРЭЛЛХАМ








Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 29 дүгээр тогтоолын хавсралт

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭНЭЭС МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТ АВАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Монгол Улсын иргэнийг Гаалийн байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх орох тохиолдолд өрсөлдүүлэн шалгаруулах зорилго бүхий мэргэшлийн шалгалт (цаашид “Мэргэшлийн шалгалт” гэх) авахтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2. Мэргэшлийн шалгалтын зорилго нь боловсрол, мэргэжил, туршлага, ур чадварын талаар тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангах иргэнийг сонгон авах замаар гаалийн албыг мэргэжлийн мэдлэг чадвар бүхий албан хаагчдаар байнга бэхжүүлэх, гаалийн албаны зорилго, чиг үүргийг үр бүтээлтэй, тууштай хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэхэд оршино.
1.3. Мэргэшлийн шалгалт авах үйл ажиллагаанд шударга, нээлттэй, ил тод, адил тэгш хандах зарчмыг удирдлага болгоно.
1.4. Мэргэшлийн шалгалтад орох Монгол Улсын иргэний эрхийг үндэс, угсаа, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол болон нам, олон нийтийн бусад байгууллагын харъяалал зэргээр ялгаварлаж үл болно.
1.5. Гаалийн байгууллагын төрийн захиргааны албан тушаалд иргэн анх орох тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.4, Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 63 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-ыг баримтална.
1.6. Төрийн албаны зөвлөл энэхүү журмын биелэлтэд хяналт тавьж, мэргэшлийн шалгалттай холбогдсон асуудлаар Салбар зөвлөлийг зохион байгуулалт, мэргэшил, арга зүйн удирдлагаар хангана.

Хоёр. Мэргэшлийн шалгалтад орох иргэнд тавигдах шаардлага

2.1. Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага, төрийн албан тушаал эрхлэх болзолд заасан нөхцлөөс гадна дараах шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн мэргэшлийн шалгалтад орох эрхтэй:
2.1.1. Тухайн ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлага, болзол, шалгуурыг бүрэн хангасан байх;
2.1.2. Боловсролын баримт бичгийн үнэн зөвхөн нотариатаар баталгаажуулсан байх;
2.1.3. Эрүүл мэндийн хувьд гаалийн байгууллагад ажиллах шаардлага хангасан байх;
2.2. Гаалийн байгууллагын үйл ажилагааны онцлог, зарласан ажлын байрны байршлыг харгалзан сул ажлын байрыг нийтэд зарласан тохиолдолд тухайн орон нутгийн иргэдийг шалгалтад хамруулж болно.
2.3. Мэргэшлийн шалгалтад орохоор бүртгүүлж байгаа иргэн өөрийнхөө тухай үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.
2.4. Мэргэшлийн шалгалтад орох иргэн мэргэшлийн шалгалттай холбоотой зардлыг өөрөө хариуцна.

Гурав. Мэргэшлийн шалгалтын төрөл, үнэлгээ

3.1. Мэргэшлийн шалгалт дараах төрөлтэй байна:

3.1.1. Ерөнхий болон мэргэжлийн мэдлэг (сорил)-ын шалгалт;
3.1.2. Гадаад хэлний мэдлэгийн шалгалт;
3.1.3. Компьютерийн хэрэглээний программ ашиглах ур чадварын шалгалт;
3.1.4. Ярилцлагын шалгалт;
3.1.5. Баримт бичгийн шалгалт;

3.2. Энэхүү журмын 3.1.1-3.1.4-т заасан шалгалтын төрөл тус бүрийг дор дурдсан оноогоор үнэлнэ:
3.2.1. Сорилын шалгалтаар иргэний ерөнхий болон мэргэжлийн мэдлэгийн түвшинг тогтоож, 50 хүртэл онооны үнэлгээ өгнө. Сорилын шалгалт нь 50 асуулттай байх бөгөөд зөв хариулт бүрийг 1 оноогоор үнэлнэ.
Сорилын шалгалтад 30 болон түүнээс дээш оноо авсан иргэн уг шалгалтад тэнцсэнд тооцогдох бөгөөд дараагийн шалгалтад орох эрхтэй болно;
3.2.2. Гадаад хэлний мэдлэгийн шалгалт нь тухайн хэлээр бичих, орчуулах, ярих чадварыг тодорхойлоход чиглэгдэх бөгөөд 18 хүртэл онооны үнэлгээ өгнө;
3.2.3. Компьютерийн хэрэглээний программ ашиглах ур чадварын шалгалт нь компьютерийн ерөнхий мэдлэг, хэрэглээний программуудыг ашиглах ур чадварыг тогтоох зорилготой бөгөөд 17 хүртэл онооны үнэлгээ өгнө;
3.2.4. Ярилцлагын шалгалтаар иргэний ажилд орохыг сонирхож буй ажлын байр (албан тушаал)-ны зорилго, зорилт, чиг үүргийн талаар болон уг албан тушаалыг хашихад шаардлагатай мэдлэг, хандлага, ёс зүйн төлөвшилтийг тодорхойлоход чиглэгдсэн таван асуултын хүрээнд иргэнтэй ярилцаж шалгана. Ярилцлагыг ганцаарчилсан хэлбэрээр хийх бөгөөд 15 хүртэл онооны үнэлгээ өгнө.
3.3. Баримт бичгийн шалгалтаар тухайн ажлын байранд тавигдах ерөнхий шаардлагын боловсрол, мэргэжил, мэргэшил, ажлын туршлага гэсэн 4 үзүүлэлтийг иргэний бүрдүүлсэн бичиг баримттай тулган шалгана. Тухайн иргэний бакалавр болон түүнтэй адилтгах боловсролын дипломын голч дүн 2.5-аас доошгүй, бусад гурван үзүүлэлт ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан тохиолдолд “Тэнцсэн”, харин аль нэг үзүүлэлт нь шаардлага хангаагүй бол “Тэнцээгүй” гэсэн үнэлгээ өгнө.
3.4. Энэхүү журмын 3.1.1, 3.1.2, 3.1.3, 3.1.4-т заасан шалгалтын үнэлгээний нийлбэрээр нийт оноог гаргах бөгөөд нийт онооны дээд хязгаар 100 байна. Нийт 70 болон түүнээс дээш оноо авч, Баримт бичгийн шалгалтаар “Тэнцэнэ” гэсэн үнэлгээ авсан иргэнийг мэргэшлийн шалгалтад тэнцсэнд тооцно.
3.5. Энэхүү журмын 3.4-т заасны дагуу мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэнийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон гаалийн төв байгууллагын хамтран баталсан журмын дагуу эрүүл мэндийн үзлэгт оруулж, дүгнэлт гаргуулна. Эрүүл мэндийн үзлэгийн комиссын бүрэлдэхүүнд гаалийн байгууллагын төлөөллийг оролцуулж болно.
3.6. Энэхүү журмын 3.4-т заасны дагуу мэргэшлийн шалгалтад тэнцэж, мөн журмын 3.5-д заасны дагуу эрүүл мэндийн үзлэгээр “Тэнцэнэ” гэсэн дүгнэлт гарсан иргэн Гаалийн байгууллагын төрийн тусгай албан тушаал авах эрхтэй.
3.7. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, 24 дүгээр зүйлийн 24.1.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас халагдсан хүмүүс Гаалийн байгууллагын төрийн тусгай албан тушаалд орохыг хүсвэл энэхүү журмын дагуу мэргэшлийн шалгалт өгч болно. Төрийн албанаас халагдсан иргэнийг нэр дэвшүүлж томилохдоо ёс зүй, ажил хэргийн шалгуурыг харгалзана.
3.8. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэлтэй иргэн болон төрийн захиргаа, төрийн тусгай албан тушаал эрхэлж буй төрийн албан хаагч Гаалийн байгууллагын төрийн тусгай албан тушаалд ажиллахыг хүссэн тохиолдолд энэхүү журмын 3.1.1-3.1.5-д заасан шалгалтыг өгнө.
3.9. Засгийн газар хоорондын гэрээгээр болон Гаалийн төв байгууллагын захиалгаар гадаад, дотоодын их, дээд сургуульд төрийн зардлаар суралцаж, гадаад худалдаа, гаалийн удирдлагын мэргэжлийн диплом авсан иргэн энэхүү журмын 3.1.1-д зааснаас бусад шалгалтуудыг өгч , эрүүл мэндийн үзлэгт орно.

Дөрөв. Мэргэшлийн шалгалтын комисс

4.1. Гаалийн байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх орох иргэнээс авах мэргэшлийн шалгалтыг Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Мэргэшлийн шалгалтын комисс (цаашид “Шалгалтын комисс” гэх) зохион байгуулна. Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл (цаашид “Салбар зөвлөл” гэх) Шалгалтын комиссыг 3-5 хүний бүрэлдэхүүнтэйгээр тухай бүр шинэчлэн байгуулж ажиллуулна.

4.2. Шалгалтын комисс нь мэргэшлийн шалгалтын бэлтгэлийг хангуулах, шалгалт авах ажлыг зохион байгуулахад туслалцуулах зорилгоор ажлын хэсэг байгуулан ажиллуулж болно.
4.3. Шалгалтын комиссын дарга нь Гаалийн ерөнхий газрын дэд дарга, нарийн бичгийн дарга нь хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтан байна.
4.4. Шалгалтын комиссоос үүргээ хэрэгжүүлэхэд аливаа байгууллага, албан тушаалтан хөндлөнгөөс оролцох буюу нөлөөлөхийг хориглоно.
4.5. Шалгалтын комисс дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
4.5.1. мэргэшлийн шалгалтын асуулт (ярилцлагын сэдэв, асуудал шийдвэрлэх даалгавар гэх мэт), тэдгээрийн үнэлгээний шалгуурыг боловсруулан бэлтгэх, шалгалтын сэдэв, сорилтын санг баяжуулах, түүний нууцыг чандлан хадгалах;
4.5.2. мэргэшлийн шалгалтын асуултын чиглэл, агуулга, бүтэц, үнэлэх журмыг батлан мөрдөх;
4.5.3. Гаалийн байгууллагын хэмжээнд мэргэшлийн шалгалт авах журмыг боловсронгуй болгоход санал боловсруулах;
4.5.4. мэргэшлийн шалгалт авах тухай хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх;
4.5.5. мэргэшлийн шалгалтад орох иргэний анкет, холбогдох бусад материалыг хүлээн авч бүртгэн, нэрсийг Салбар зөвлөлд хүргүүлж хянуулах;
4.6. Шалгалтын комиссын үйл ажиллагаатай холбогдох зардлыг Гаалийн ерөнхий газар жил бүр төсөвтөө тусган санхүүжүүлнэ.
4.7. Мэргэшлийн шалгалтыг шударга, иргэдэд нээлттэй, чирэгдэлгүй зохион байгуулах зорилгоор сул орон тооны захиалга авах, онлайн бүртгэл хийх, сорилын болон гадаад хэл, компьютерийн ур чадварын шалгалтын асуултын хувилбарыг сонгох, шалгалтын материалыг дүгнэх программ хангамжууд болон бусад техник, тоног төхөөрөмж ашиглан зохион байгуулж болно.

Тав. Сул орон тоог нөхөх талаар байгууллагын хүлээх үүрэг

5.1. Төрийн тусгай албаны сул орон тоо гарсан тохиололд:
5.1.1. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг нь харгалзан сонгон шалгаруулж, уг орон тоог нөхнө;
5.1.2. төрийн тусгай албан тушаалын сул орон тоог энэхүү журмын 5.1.1-д заасны дагуу нөхөх боломжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих шаардлагыг харгалзан сонгон шалгаруулж, уг орон тоог нөхнө;
5.1.3. сул орон тоог энэхүү журмын 5.1.1, 5.1.2-т заасны дагуу нөхөх боломжгүй тохиололд сул орон тоо гарснаас хойш 14 хоногт багтаан иргэнийг сонгон шалгаруулж авах захиалгыг баталгаажсан Ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолттой хамт Салбар зөвлөлд ирүүлнэ. Салбар зөвлөл сул ажлын байрны нэгдсэн захиалгыг нийтэд мэдээлэхээс өмнө Төрийн албаны зөвлөлийн дэргэдэх Мэргэшлийн шалгалтын төв комиссоор хянуулж, зөвшөөрөл авна.
5.1.4. Ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлийн баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах тусгай шаардлага”-д нийцүүлэн боловсруулсан байх шаардлагатай бөгөөд хэрэв энэ шаардлагыг хангахгүй бол Салбар зөвлөл төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах тусгай шаардлагад нийцүүлэх арга хэмжээ авна;
5.1.5. Ажлын байрны захиалгад албан тушаалын нэр, ангилал, зэрэглэл, ажлын байрны тоо, хариуцах асуудал, тухайн албан тушаалд тавигдах шаардлагуудыг тусгасан байна.
5.1.6. Салбар зөвлөлийн сонгон шалгаруулж, нэр дэвшүүлсэн иргэнийг захиалга өгсөн томилох эрх бүхий албан тушаалтан тухайн албан тушаалд томилох үүрэг хүлээнэ.

Зургаа. Мэргэшлийн шалгалтын тухай мэдээлэл

6.1. Мэргэшлийн шалгалтыг жилд 1-ээс доошгүй удаа авна. Мэргэшлийн шалгалтыг ажлын зайлшгүй байдлыг харгалзан шаардлагатай тохиолдолд байгууллагын санал, захиалгыг үндэслэн тусгайлан зохион байгуулж болно.
6.2. Шалгалтын комисс мэргэшлийн шалгалтын талаарх мэдээллийг шалгалт эхлэхээс 30-аас доошгүй хоногийн өмнө нийтэд болон урьдчилсан судалгаанд хамрагдсан иргэдэд мэдэгдсэн байна.
6.3. Мэдээлэлд ажлын байранд тавигдах болзол, шаардлага, шалгалтын асуултын чиглэл, агуулга, бүртгэх болон шалгалт авах байр, хугацаа, бүрдүүлэх материал, харилцах утасны дугаар зэргийг заана. Хэрэв мэдээлэлд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага гарвал Шалгалтын комисс тухай бүрт нь мэдээлж байна.

Долоо. Шалгалтад орох иргэнийг бүртгэх

7.1. Шалгалтын комисс нь мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэнээс дор дурдсан материалыг товлосон хугацаанд хүлээн авч бүртгэнэ:
7.1.1. Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг Маягт №1-ийн дагуу бүрэн бөглөсөн байна);
7.1.2. дээд боловсролын диплом (эх хувь);
7.1.3. иргэний үнэмлэх (эх хувь);
7.1.4. ажил эрхэлдэг бол ажил байдлын тодорхойлолт;
7.1.5. Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1-д заасан асуудлаар цагдаагийн байгууллагын тодорхойлолт;
7.1.6. 4х6 хэмжээний 3 хувь зураг;
7.1.7. шалгалтад орохыг хүссэн өргөдөл;
7.2. Шалгалтын комисс нь холбогдох материалыг нягтлан шалгаж, болзол, шаардлагыг хангаж байгаа иргэнийг бүртгэнэ.
7.3. Шалгалтын комисс нь шаардлагатай гэж үзвэл баримт бичгийн үнэн зөвийг магадлах зорилгоор нэмэлт материал гаргуулж болно.
7.4. Дор дурдсан иргэнийг мэргэшлийн шалгалтад оруулахаар бүртгэхгүй:
7.4.1. хуульд өөрөөр заагаагүй бол Эрүүгийн хуульд онц хүнд гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлсэн, эсхүл бусад төрлийн гэмт хэрэг үйлдэж, шүүхээр ял шийтгүүлээд ялгүйд тооцох буюу ялгүй болох хугацаа нь дуусаагүй;
7.4.2. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас халагдсан өдрөөс хойш 1 жилийн хугацаа өнгөрөөгүй;
7.4.3. гадаадын иргэн, харъяалалгүй хүн;
7.4.4. Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4-т зааснаар хуулийн дагуу цэргийн алба хаах үүрэг хүлээсэн иргэн төрийн албаны онцлог төрөл болох энэ үүргээ биелүүлээгүй;
7.4.5. энэхүү журмын 6.1-д заасан бичиг баримтгүй, эсхүл дутуу бүрдүүлсэн, хугацаа хожимдуулсан;
7.4.6. хууль тогтоомжид заасан бусад тохиолдолд.
7.5. Бүртгэх шаардлага хангаагүй иргэнд мэргэшлийн шалгалтад оруулах боломжгүй тухай үндэслэл, шалтгааныг тайлбарлаж хариу мэдэгдэнэ.

Найм. Мэргэшлийн шалгалтын бэлтгэлийг хангах, зохион байгуулах

8.1. Шалгалтын комиссын нарийн бичгийн дарга нь гэрээгээр хийлгэсэн болон өөрийн санд байгаа шалгалтын сэдэв, сорилуудаас тухайн албан тушаал (ажлын байр)-д тохирох хэсгийг шалгалтын комиссын баталсан шалгалтын асуултын чиглэл, агуулга, бүтцийг баримтлан сонгож, шалгалтын асуултын хувилбаруудыг бэлтгэнэ.
8.2. Шалгалтын комиссын нарийн бичгийн дарга нь шалгалтын сэдэв, сорилын 2-оос доошгүй хувилбар, тэдгээрийн үнэлгээний шалгуурыг дугтуйд хийж битүүмжлэн нууцын журмаар хадгална.
8.3. Шалгалтын комисс нь шалгалт авах байр, сандал, ширээ, олгруулагч машин, холбогдох бичиг хэргийн материал зэргийг бэлэн болгож, шалгалт явуулах хэвийн нөхцлийг хангасан байна.
8.4. Шалгалтын комисс нь мэргэшлийн шалгалтын талаарх хууль тогтоомж, энэхүү журам, удирдамж, холбогдох бусад мэдээллийг мэргэшлийн шалгалтад орохоор бүртгүүлсэн иргэдэд урьдчилан танилцуулна.
8.5. Шалгалтын комисс нь урьдчилан товлосон өдөр, цагт мэргэшлийн шалгалтыг эхлүүлнэ.
8.6. Шалгалтын комиссын дарга нь шалгалтын сэдэв, сорил бүхий дугтуйн битүүмжлэлийг шалгалт авч байгаа танхимд шалгалтад оролцогчдын өөрсдийнх нь төлөөлөгчөөр шалгуулж, түүний сонгосон нэг хувилбараар тухайн шалгалтыг авна.
8.7. Шалгалтын комисс нь мэргэшлийн шалгалтыг дор дурдсан байдлаар зохион байгуулна:
8.7.1. ерөнхий болон мэргэжлийн мэдлэгийн шалгалтыг шалгалтын комиссоос тогтоосон өдөр, цагт авах;
8.7.2. ерөнхий болон мэргэжлийн мэдлэгийн шалгалтад тэнцсэн иргэнээс гадаад хэлний мэдлэгийн болон компьютерийн хэрэглээний программ ашиглах ур чадварын шалгалтыг тогтоосон өдөр, цагт авах;
8.7.3. ерөнхий болон мэргэжлийн мэдлэгийн шалгалтад тэнцэж, гадаад хэлний шалгалт өгсөн иргэнтэй тогтоосон өдөр, цагт ярилцлага хийх;
8.7.4. Шалгалтын комисс шалгалт бүрийн дараа дүнг нь шалгалтад орсон иргэдэд мэдээлж байна.
8.8. Салбар зөвлөл нь мэргэшлийн шалгалтад бэлтгэх, зохион байгуулах, үнэлж дүгнэх үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомж, энэхүү журам, өөрийн баталсан удирдамжийн дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавьж удирдан чиглүүлнэ.
8.9. Мэргэшлийн шалгалтад гар утас, чихэвч, пэйжер, зөөврийн компьютер болон аудео, видео техник хэрэгсэл, ном, дэвтэр зэрэг зүйл авч орохыг хориглоно.
8.10. Дараах тохиолдолд иргэний мэргэшлийн шалгалтыг хүчингүй болгоно:
8.10.1. энэхүү журмын 8.9-д заасан зүйлийг мэргэшлийн шалгалтад авч орохыг оролдсон, авч орсон;
8.10.2. шалгалт өгч буй бусад иргэнтэй харилцах, туслах, туслуулахыг оролдсон;
8.10.3. шалгалтын материал дээр зөвшөөрснөөс бусад ямар нэг илүү тэмдэглэгээ, таних тэмдэг тавьсан, өөр өнгийн бэхээр бөглөсөн;
8.10.4. энэхүү журмын 3.1-д заасан шалгалтад тэнцэхгүй нь мэргэшлийн шалгалтын явцад, эсхүл хожуу илэрч нотлогдсон (хуурамч баримт бүрдүүлсэн, хуульд заасан төрийн жинхэнэ алба хаах болзол, шаардлага хангаагүй гэх мэт).

Ес. Шалгалтын дүн гаргах, нөөцийн жагсаалтад бүртгэх

9.1. Шалгалтын комисс нь мэргэшлийн шалгалтын дүнг хуралдаанаараа хэлэлцэж, шалгалтад тэнцсэн иргэний онооны жагсаалтыг албан тушаал бүрээр хаигийн өндөр оноо авсан иргэнээс эхлэн жагсааж батална.
9.2. Шалгалтын комисс мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэнийг Гаалийн байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгүүлэх саналаа Салбар зөвлөлд хүргүүлнэ.
9.3. Салбар зөвлөл нь мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэнийг төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцийн жагсаалтад оруулах тухай Шалгалтын комиссын саналыг хуралдаанаараа хэлэлцэж батална.
9.4. Мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэнийг төрийн жинхэнэ албаны нөөцийн жагсаалтад оруулах тухай Салбар зөвлөлийн шийдвэр 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна.
9.5. Нөөцийн жагсаалтад бүртгэлтэй иргэн энэхүү журмын 9.4-т заасан хугацаанд өөрийн хүсэлтээр мэргэшлийн шалгалт дахин өгч болно.
9.6. Салбар зөвлөл Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 6.2.1-д заасны дагуу нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэнийг мэргэшлийн шалгалтад авсан онооных нь дарааллаар албан тушаалд томилуулахаар холбогдох байгууллагад захиалгынх нь дагуу нэр дувшүүлнэ.
9.7. Салбар зөвлөл энэхүү журмын 9.6-д заасны дагуу нэр дэвшүүлсэн иргэнийг албан тушаалд томилсон тухай мэдээг Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 3.1.2, 3.1.3-т заасан хугацаанд, холбогдох хүснэгтээр гаргаж Төрийн албаны зөвлөлд ирүүлнэ.

Арав. Мэргэшлийн шалгалттай холбогдон үүссэн
маргааныг хянан шийдвэрлэх

10.1. Мэргэшлийн шалгалттай холбогдсон асуудлаар гаргасан иргэний гомдлыг тухайн шалгалтын дүнг зарласнаас хойш 24 цагийн дотор Шалгалтын комисст гаргах бөгөөд Шалгалтын комисс гомдлыг хянан үзэж, хариу өгнө. Энэ хугацаа өнгөрснөөс хойш иргэний гомдлыг хүлээн авахгүй.


10.2. Энэхүү журмын 10.1-д заасны дагуу Шалгалтын комиссын гаргасан шийдвэртэй холбогдсон иргэний гомдлоор үүссэн маргааныг Улсын Их Хурлын тогтоолоор баталсан “Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албан тушаалд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам”-д заасны дагуу Салбар зөвлөл хянан шийдвэрлэнэ.

Арван нэг. Хариуцлага

11.1. Энэхүү журмыг зөрчсөн талаар иргэдээс ирүүлсэн гомдлыг Салбар зөвлөл хуралдаанаараа хэлэлцэж, үндэслэлтэй гэж үзвэл, холбогдох этгээдэд сахилгын хариуцлага хүлээлгүүлэх тухай саналаа эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргах, эсхүл Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасан хариуцлага хүлээлгүүлэхээр шүүхэд хандаж болно.

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2010 оны 12 дугаар сарын 09-ний өдөр

Дугаар 137 Улаанбаатар хот

Журамд нэмэлт, өөрчлөлт
оруулах тухай

Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 29 дүгээр тогтоолоор баталсан “Гаалийн байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх орох иргэнээс мэргэшлийн шалгалт авах журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуралдааны тухай хэлэлцсэн шийдвэрийг үндэслэн ТОГТООХ нь:

1 дүгээр зүйл. “Гаалийн байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх орох иргэнээс мэргэшлийн шалгалт авах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.2.2, 3.2.3, 3.2.4 дэх хэсэг, 3.4 дэх заалт болон 6 дугаар зүйлийн 6.2, 9 дүгээр зүйлийн 9.3, 9.4 дэх заалтыг дор дурдсанаар тус тус өөрчлөн найруулсугай.

3 дугаар зүйлийн 3.2.2 дахь хэсэг

Гадаад хэлний мэдлэгийн шалгалт нь тухайн хэлээр бичих, орчуулах, ярих чадварыг тодорхойлоход чиглэгдэх бөгөөд 18 хүртэл онооны үнэлгээ өгнө. Гадаад хэлний шалгалтад 10 ба түүнээс дээш оноо авсан иргэнийг энэхүү шалгалтад тэнцсэнд тооцож, уг иргэн дараагийн шалгалтад орох эрхтэй болно.

3 дугаар зүйлийн 3.2.3 дахь хэсэг

Компьютерийн хэрэглээний программ ашиглах ур чадварын шалгалт нь компьютерийн ерөнхий мэдлэг, хэрэглээний программуудыг ашиглах ур чадварыг тогтоох зорилготой бөгөөд 17 хүртэл онооны үнэлгээ өгнө. Компьютерийн шалгалтад 12 ба түүнээс дээш оноо авсан иргэнийг энэхүү шалгалтад тэнцсэнд тооцож, уг иргэн дараагийн шалгалтад орох эрхтэй болно.

3 дугаар зүйлийн 3.2.4 дэх хэсэг

Ярилцлагын шалгалтаар иргэний ажилд орохыг сонирхож буй ажлын байр (албан тушаал)-ны зорилго, зорилт, чиг үүргийн талаар болон уг албан тушаалыг хашихад шаардлагатай мэдлэг, хандлага, ёс зүйн төлөвшилтийг тодорхойлоход чиглэгдсэн таван асуултын хүрээнд иргэнтэй ярилцаж шалгана. Ярилцлагыг ганцаарчилсан хэлбэрээр хийх бөгөөд 15 хүртэл онооны үнэлгээ өгнө. Ярилцлагын шалгалтад 8 ба түүнээс дээш оноо авсан иргэнийг энэхүү шалгалтад тэнцсэнд тооцно.

3 дугаар зүйлийн 3.4 дэх заалт

Энэхүү журмын 3.1.1, 3.1.2, 3.1.3, 3.1.4-т заасан шалгалтын үнэлгээний нийлбэрээр нийт оноог гаргах бөгөөд нийт онооны дээд хязгаар 100 байна. Нийт 60 болон түүнээс дээш оноо авч, Баримт бичгийн шалгалтаар “Тэнцэнэ” гэсэн үнэлгээ авсан иргэнийг мэргэшлийн шалгалтад тэнцсэнд тооцно.

6 дугаар зүйлийн 6.2 дахь заалт

Шалгалтын комисс мэргэшлийн шалгалтын талаарх мэдээллийг шалгалт эхлэхээс 21-ээс доошгүй хоногийн өмнө нийтэд болон урьдчилсан судалгаанд хамрагдсан иргэдэд мэдэгдсэн байна.

9 дүгээр зүйлийн 9.3 дахь заалт

Салбар зөвлөл нь мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэнийг төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцийн жагсаалтад оруулах тухай Шалгалтын комиссын саналыг хуралдаанаараа хэлэлцэн саналаа Төрийн албаны зөвлөлв хүргүүлнэ. Төрийн албаны зөвлөл түүнийг төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцийн жагсаалтад оруулах тухай Салбар зөвлөлийн саналыг хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэнэ.

9 дүгээр зүйлийн 9.4 дэх заалт

Мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэнийг төрийн жинхэнэ албаны нөөцийн жагсаалтад оруулах тухай Төрийн албаны зөвлөлийн шийдвэр 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна.

2 дугаар зүйл. “Гаалийн байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх орох иргэнээс мэргэшлийн шалгалт авах журам”-ын 3 дугаар зүйлд 3.21 гэсэн заалтыг нэмсүгэй.

3 дугаар зүйлийн 3.21 дахь заалт

3.21. Сонгон шалгаруулалт зарласан ажлын байрны онцлог, шаардлагыг харгалзан шаардлагатай тохиолдолд энэхүү журмын 3.1-д заасан шалгалт авах дарааллыг өөрчлөн зохион байгуулж болно.

Гуравдугаар зүйл. Энэ тогтоол батлагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөнө.

 

 

ДАРГА                                              Д.ЗҮМБЭРЭЛЛХАМ