mn GB
Mobile menu

ЗОРЧИГЧИЙН БҮРДҮҮЛЭЛТ

Зорчигч гэдэг нь:
- Монгол улсад байнга оршин суудаггүй, улсын хилээр түр гарч, эсхүл буцаж гарч байгаа хувь хүн
- Монгол улсад байнга оршин суудаг, улсын хилээр түр гарч, эсхүл буцаж гарч байгаа хувь хүн

Зорчигч гаалийн бүрдүүлэлт хийхэд: 

Тусгай журам тогтоогоогүй бол зорчигчийн биедээ авч яваа хувийн хэрэглээний эд зүйл болон биеэс тусдаа ачаа тээш, чингэлэгээр явуулсан бараанд гаалийн бүрдүүлэлт хийх үндэслэл нь зорчигчийн гаалийн мэдүүлэг /деклараци/ болно.

Зорчигч зорчигчийн гаалийн мэдүүлгийг нөхөн бичиж гарын үсэг зурж гаалийн улсын байцаагчид өгнө. Зорчигч биеэсээ тусдаа явуулсан ачаанд зорчигчийн гаалийн мэдүүлгийг 2 хувь бичих ба нэгдүгээр хувийг хилийн гаалийн байгууллага авч, хоёрдугаар хувийг биеэс тусдаа илгээсэн бараанд гаалийн эцсийн бүрдүүлэлт хийх гаалийн байгууллагад хүргүүлэхээр эзэнд нь өгнө.

16 насанд хүрээгүй зорчигчийн барааг эцэг эх эсхүл асран хамгаалагчийн гаалийн мэдүүлэгт бичнэ.

Зорчигчийн бусдад дамжуулах барааг тухайн зорчигчийн эд зүйлд тооцох бөгөөд зорчигч гаалийн мэдүүлэгт бичиж мэдүүлсэн байна.

Гаалийн улсын байцаагч зорчигчийн гаалийн мэдүүүлгийг хүлээн авсан үеэс зорчигч гаалийн байгууллагад мэдүүлсэн гэж үзнэ.

Гаалийн улсын байцаагч зорчигчийн барааг гаалийн мэдүүлэг, холбогдох бичиг баримттай тулган шалгаж, гаалийн болон бусад албан татвар ногдох барааг гаалийн хууль тогтоомжийг дагуу шийдвэрлэнэ.

Дамжин өнгөрөх зорчигчийн гаалийн мэдүүлэгт тэмдэглэсэн бараа нь Монгол улсад орсон үеэс гарах хүртэлхи хугацаанд гаалийн хяналтанд байна.

Улсын хилээр нэвтрэх зорчигч нь барааг гаалийн байгууллагад
- АМААР,
- БИЧГЭЭР мэдүүлнэ.
- Зорчигч олон улсын нисэх онгоцны буудалд “Хоёр гарц”-ын аль нэгийг сонгон гаалийн байгууллагад мэдүүлж болно. Ногоон гарцыг сонгон ӨӨРИЙН ҮЙЛДЛЭЭР гаалийн байгууллагад мэдүүлбэл, хориглосон, хязгаарласан болон татвар төлбөл зохих бараа байхгүй болохыг биеэрээ мэдүүлж байгаа хэлбэр болно. Хэрэв улаан гарцыг сонгосон тохиолдолд танд татвар төлөх бараа байгаа гэдгийг үйлдлээр мэдүүлж байгаа хэрэг юм. Зорчигч нь мэдүүлэх хэлбэрийг өөрөө сонгох эрхтэй бөгөөд өөрийн бие, ачаа, тээшинд гаалийн байгууллагад мэдүүлбэл зохих бараа авч яваа нөхцөлд зорчигчийн гаалийн мэдүүлгээр мэдүүлбэл зохино.

Зорчигч ямар тохилдолд зорчигчиийн гаалийн мэдүүлэг бичиж улаан гарцаар нэвтрэх вэ?
• Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан бараатай бол
• Гаалийн болон бусад татвар төлөх бараатай бол
• Биеэс тусдаа явуулсан ачаатай бол
• Гуравдагч этгээдэд дамжуулах бараатай бол
• 5000 ам доллараас дээш хэмжээний үндэсний болон гадаадын валюттай бол

ШУУДАН ИЛГЭЭМЖ:
“Улс хоорондын шуудангийн илгээмж” гэдэгт Шуудангийн тухай хуульд тодорхойлсон захидал, боодол, илгээлтийн хэлбэртэй биет зүйлийг ойлгоно. Олон улсын шуудан илгээмжид гаалийн бүрдүүлэлт хийх хэлбэр, дарааллыг олон улсын эрх зүйн хэм хэмжээ болон үндэсний хууль тогтоомжийн үндсэн дээр тогтоосон байдаг.

Улс хоорондын шуудан илгээмжээр захидал, боодол, илгээлтийн хэлбэртэй биет зүйлийг илгээнэ.

Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээр гаалийн бүрдүүлэлт хийх бараа:
• Хувь хүний нэр дээр хилийн чанадаас илгээсэн 1.0 сая төгрөгөөс илүү үнэ бүхий бараа;
• Аж ахуйн нэгж, байгууллагад хилийн чанадаас илгээсэн 100,0 мянган төгрөгөөс илүү үнэ бүхий бараа;
• Шинжлэх ухаан, техникийн ололт, газар нутгийн загвар дүрс, зураг зүйн болон бусад материал, судалгаа, шинжилгээ, геологи, байгаль, амьтан судлал, палеонтологийн олдворын болон бусад бүх төрлийн дээж, сорьц зэрэг онцлог бараа;
• Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосноос бусад тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх бараа;
• Экспортын татвартай бараа;
• Барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах, хилийн чанадад бүрмөсөн гаргахаас бусад горимоор гаалийн хилээр нэвтрүүлэх бараа;
Илгэээмжид гаалийн байгууллага түргэвчилсан бүрдүүлэлт хийнэ. Хилийн чанадад илгээх илгээмжид гаалийн бүрдүүлэлтийн хураамж ногдуулахгүй.

“зорчигчийн барааны гаалийн бүрдүүлэлтийн хуудас” (Маягт №2)-аар гаалийн бүрдүүлэлт хийх бараанд: Аж ахуйн нэгж, байгууллагад хилийн чанадаас илгээсэн 100,0 мянган төгрөгөөс илүүгүй үнэ бүхий загварын бараа, танилцуулга, сурталчилгааны зориулалттай буюу мэдээллийн шинж чанартай ном, сэтгүүл, хуурцаг, бусад зүйлс болон хувь хүний нэр дээр хилийн чанадаас илгээсэн 1,0 сая төгрөгөөс илүүгүй үнэ бүхий бараа орно.

Илгээмжийг илгээгчид нь буцаах
• Гаалийн байгууллага гаалийн хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрөөгүй;
• Илгээгч буюу хүлээн авагч нь гаалийн байгууллагаас ногдуулсан татвар, хураамжийг төлөхөөс татгалзсан;
• Хүлээн авагчийн хаяг тодорхойгүй.

Илгээмжийг олгох
• Гаалийн байгууллага зөвшөөрсөн тохиолдолд илгээмжийг хүлээн авагчид нь хаягаар гардуулах үйл ажиллагааг шуудангийн ажилтан зохион байгуулна.