mn GB
Mobile menu

Дэргэдэх байгууллагууд

Хэвлэл мэдээлэл, Сургалт, Судалгааны төв

Монгол Улсын Гаалийн Ерөнхий Газрын дэргэдэх Хэвлэл мэдээлэл, Сургалт, судалгааны төв нь 1991 онд Сургалт Судалгааны Төв нэртэйгээр байгуулагдан, өнгөрсөн 25 жилийн хугацаанд үйл ажиллагаа нь өргөжин, өнөөдөр гаалийн байгууллагын хөгжлийн чиг хандлага, шинэ үеийн гаалийн байгууллагын чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн судалгааны ажил эрхлэх, арга зүйг боловсруулах, гаалийн ажилтан бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх мөн гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн бэлтгэх, давтан сургах, гаалийн байгууллагын үйл ажиллагааны талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилах үндсэн чиг үүрэг бүхий сургалт,судалгаа, хэвлэл мэдээллийн нэгж болон ажиллаж байна.

ОН ЦАГИЙН ТОВЧООН:

- 1996 онд “Сургалт, судалгааны төв”,
- 2001 онд “Гааль, эдийн засгийн коллеж”,
- 2005 онд “Гааль, эдийн засгийн дээд сургууль”,
- 2010 онд “Судалгаа, хөгжлийн төв”,
- 2016 онд “Хэвлэл мэдээлэл, Сургалт, судалгааны төв”

Хэвлэл мэдээлэл, Сургалт, судалгааны төв нь үндсэн чиг үүргийнхээ хүрээнд гаалийн удирдах төв байгууллагын нэгж болон харьяа газар, хороодтой хамтарч баг бүрдүүлэн судалгаа хийх, түүнчлэн газар хороодыг судалгааны арга зүйн болон мэргэшлийн удирдлагаар хангах, удирдан зохион байгуулах, судалгааны ажлын үр дүнг нэгтгэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан гаалийн хууль тогтоомж, эрх зүйн актуудыг олон нийтэд сурталчилах, гаалийн байгууллагын хөгжил болон чадавхи, гадаад худалдааны асуудлаар гарын авлага, аргачлал, товхимол зэрэг бүтээл гаргаж хэвлүүлэх, нийтлүүлэх, Дэлхийн Гаалийн байгууллага, Дэлхийн Худалдааны Байгууллага болон олон улсын бусад байгууллага, гадаад улс орнуудын гааль судлалын баримт бичиг, гаалийн хөгжил дэвшил, хяналтын арга ажиллагаатай холбоотой технологи, шинжлэх ухааны ололт амжилт, туршлагыг судлах зэргээр үйл ажиллагаа явуулдаг.

Өнгөрсөн хугацаанд 30 гаруй судалгааны бүтээл, сурах бичиг, гарын авлага, олон арван эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлж олны хүртээл болгосон.

Мөн аж ахуй нэгж, байгууллагын хүсэлтээр гаалийн үйл ажиллагаа, технологийн чиглэлээр захиалгат сургалтыг тогтмол зохион байгуулж байна.

ГААЛИЙН ЦАХИМ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР:

Дэлхийн гаалийн байгууллага нь гишүүн орнуудынхаа дотоодын хэрэгцээнд зориулан, гаалийн сургалтын чанарыг дээшлүүлэх зорилгоор 2003 оноос “Цахим сургалтын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн. Монголын гааль 2009 онд “ДГБ-ын цахим сургалтын модулийг Монгол улсын гаалийн байгууллагад суурилуулах хэлэлцээр”-т гарын үсэг зурснаар монголын гаальчид эх хэл дээрээ, цахим хэлбэрээр, зайнаас тасралтгүй суралцах боломж бүрдсэн.

 Гаалийн төв лаборатори

МУГЕГ-ын дэргэдэх Гаалийн лаборатори нь гаалийн ерөнхий газрын даргын 1996 оны 11-р сарын 01-ний өдрийн №358 тушаалаар анх байгуулагдсан бөгөөд улсын хилээр нэвтрүүлж буй барааг гаалийн зорилгоор шинжилж, тухайн барааны тарифын ангиллын кодыг Дэлхийн гаалийн байгууллагаас баталсан “Барааг тодорхойлох кодлох уялдуулсан систем”-ийн тухай олон улсын Конвенцийн дагуу тодорхойлох, мансууруулах болон сэтгэц нөлөөт бодисыг таньж илрүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус лаборатори нь 2003 оноос хойш Стандартчилал, хэмжил зүйн газраас 4 дэх удаагаа итгэмжлэгдэн дараах төрлийн шинжилгээ хийх итгэмжлэгдсэн лабораторийн эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд:

· Хар, тамхи мансууруулах болон сэтгэц нөлөөт бодис
· Химийн бодис /тэсрэх бодис/
· Согтууруулах ундаа
· Тамхи, тамхин бүтээгдэхүүн
· Нефтийн бүтээгдэхүүн
· Ноос ноолуур, ширхэгт материал, ээрмэл
· Эрдэс түүхий эд

2003, 2010 онд Азийн Хөгжлийн банкны төслийн дагуу 1,6 сая долларын үнэ бүхий орчин үеийн тоног төхөөрөмжүүд нийлүүлэгдсэн бөгөөд Хийн хромато - масс спектрометр, Нил улаан туяаны спектрометр, IONSCAN - 400B, XRF - Рентген флоуресценци, UV - Хэт ягаан туяаны спектрометр, Ноос ноолуур, малын гаралтай ширхэгтийн голч тодорхойлох хагас автомат багаж, Ээрмэлийн децитекс тодорхойлох ороох төхөөрөмж, Даавууны 1м2-ийн жин тодорхойлох багаж зэрэг орчин үеийн өндөр мэдрэмжтэй шинжилгээний багаж төхөөрөмжөөр сорилт, шинжилгээ хийж байна.

Салбар лабораторийн талаар

Гаалийн төв лаборатори нь өөрийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн, гадаад худалдааг дэмжих, гаалийн бүрдүүлэлтийн цаг хугацааг хэмнэх, бизнес эрхлэгчдэд хөнгөн шуурхай үйлчлэх зорилгоор Замын-Үүд ГГ, Сэлэнгэ ГГ, Баян-Өлгий ГГ, Чойр дахь ГС, Дорнод дахь ГГ, Бичигт ГХ-нд 6 салбар лабораториудыг байгуулан ажиллуулж, мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангаж ажиллаж байна.

Гаалийн салбар лабораториудад согтууруулах ундаа, түүхий нефть, нефтийн бүтээгдэхүүн, хайлуур жонш, химийн бодис, хар тамхи, мансууруулах бодисыг тус тус шинжлэн, ангиллын кодыг тодорхойлон дүгнэлт гаргаж байна.

Гаалийн салбар лабораториудыг байгуулснаар гадаад худалдааг хөнгөвчилж, гаалийн бүрдүүлэлтийн цаг хугацааг 2-3 дахин багасгаж, бизнес эрхлэгчдэд хурдан шуурхай үйлчлэхэд чухал ач холбогдолтой болсон.

Мэдээллийн технологийн төв

Мэдээллийн технологийн төв /МТТ/ гаалийн байгууллагын мэдээллийн технологийн бодлогыг тодорхойлж бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд оршино. МТТ-ийн төвийн үндсэн чиглэл нь гаалийн үйлчилгээг ил тод, хүнд сурталгүй, шуурхай үзүүлэх, гадаад худалдааг хөнгөвчлөх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд мэдээллийн дэвшилтэт техник, технологийн ололтыг нэвтрүүлэх, “Цахим Гааль” – ийг хөгжүүлэх явдал юм.

Ингэхдээ:

· Гаалийн байгууллагын системийн хэмжээний үйл ажиллагаанд мэдээллийн технологийг нэвтрүүлж хэрэгжүүлнэ.
· Гаалийн үйл ажиллагаанд шаардлагатай байгаа хэрэглээний програм хангамжуудыг боловсруулах, туршиж зүгшрүүлэх, нэвтрүүлэх замаар хөгжүүлнэ.
· Гаалийн мэдээллийн нэгдсэн сүлжээг бий болгож, өргөжүүлэн хэвийн, найдвартай ажиллагааг хангаж ажиллана. Гаалийн системийн хэмжээнд ашиглагдаж байгаа програм хангамжуудын хэвийн найдвартай ажиллагааг хангаж ажиллана.
· Мэдээллийн технологийг гаалийн үйл ажиллагаанд нэвтрүүлэхдээ Дэлхийн Гаалийн Байгууллагын стандарт зөвлөмжүүд болон, бусад орны хэрэгжүүүлж буй дэвшилтэд систем, технологид нийцүүлэн тэдгээрийн түвшинд хүргэх чиглэлийг баримтална.
· Гаалийн газар, хороодын мэдээллийн технологийн чиглэлийн үйл ажиллагааг мэргэжлийн арга зүйн удирдлага, заавар, зөвлөмжөөр хангаж ажиллана.

Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газар

Гаалийн харилцаанд оролцогчдын экспорт, импортын үйл ажиллагааг гаалийн зорилгоор нягтлан шалгах, үнэлэлт дүгнэлт өгөх, худалдааны луйвраас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үйл ажиллагааг хийхээр байгуулагдан ажиллаж байна.

Үйлчилгээ, аж ахуйн алба

Гаалийн байгууллагын хөрөнгө оруулалтын хэрэгцээ, үндэслэлийг тодорхойлох, байгууллагын урсгал төсвийн төлөвлөлт, зохицуулалт, нягтлан бодох бүртгэлийн нэгдсэн удирдлагаар хангах, санхүү мөнгөний менежмент, үр ашгийг дээшлүүлэх, үндсэн хөрөнгө, барилга байгууламжийн ашиглалтыг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Эрэлч нохойн сургалтын төв

Гаалийн 11 газар, хороодод Эрэлч нохой хариуцсан 18 гаалийн улсын байцаагч ажил үүргээ гүйцэтгэж байна. Өнгөрсөн 2016 онд нийт захиргааны 102 зөрчил илрүүлж, эрүүгийн шинжтэй 5 хэргийг олж илрүүлэн холбогдох хууль, хүчний байгуулагуудад хүлээлгэн өгч ажиллаж байна.

Онцлох зөрчлөөс дурьдвал: Замын-Үүд дэх гаалийн газрын Эрэлч нохой хариуцсан ГУБ нь 44.3 гр МӨС /ice/ төрлийн мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслан зогсоосон. Мөн газрын Эрэлч нохой хариуцсан ГУБ нь 110 кг байгалийн үнэт чулууг улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан үйлдэлийг таслан зогсоосон.

Зөрчилд холбогдох бараанаас дурьдвал: Зээрийн эвэр 8 кг, чонын арьс 9ш, сойр шувуу 2ш, чонын хоншоор 11ш, зээрийн эвэр, бугын ясан эвэр 10кг, согооны сүүл 1 ш, хэрэмний арьс 20 ш, ямааны мах 67 кг, янгирын эвэр 2 ширхэг, янгирын 2 дагз, бугын чив, сүүл, цагаан архи 376 литр, малын тариа 400ш, байгалийн үнэт чулуу 110 кг, 124 кг хаягдал хөнгөнцагаан, 30кг гууль зэрэг бараануудыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлүүдийг таслан зогсоож холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэн ажилласан.

  • Хураасан барааны нийт үнийн дүн: 7’786’888₮
  • Саатуулсан барааны нийт үнийн дүн: 1’690’000₮
  • Ноогдуулсан нийт торгуулийн дүн: 1’759’000₮

Дээрх эрэлч нохой хариуцсан ГУБ нарын илрүүлсэн зөрчил нь зөвхөн Гаалийн Тухай Хуулийн 290.2.2, 291.1, 291.2 заалтыг үндэслэн хураасан бараа болно.

  • Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Эрэлч нохойн сургалтын төв нь 2016 онд Хар тамхи, мансууруулах бодис болон сэтгэц нөлөөт эм бэлдмэлийн хууль бус эргэлттэй тэмцэх, Олон нийтэд хар тамхи мансууруулах бодисийн хор хөнөөлийг таниулах, хар тамхи, мансууруулах бодисыг гаалийн албаны эрэлч нохой хэрхэн илрүүлдэг чиглэлээр Зохиомж дээд сургууль, Монгол дээд сургууль, Монголын үндэсний их сургууль, Орхон их сургуулийн Гадаад худалдаа зэрэг их, дээд сургуулийн 450 гаруй оюутан залууст илтгэн тавьж, сурталчилан таниулсан.
  • Гадаад хамтын ажиллагааны хүрээнд ОХУ, Казакстан, Азарбайжан, Япон зэрэг улстай хамтран сургалт зохион байгууллах, сургалтын орчин, сургалтын хөтөлбөрийг олон улсын албаны эрэлч нохойн сургалтын стандартад нийцүүлэх, хар тамхи, мансууруулах бодис илрүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна. 2016 оноос БНСУ-ын Эрэлч нохойн сургалтын төвтэй хамтран туршлага судлах, албаны эрэлч нохойн сургалтын болон нохойн үржлийн талаар мэдээлэл солилцох зэрэг асуудлаар хамтран ажиллаж эхэллээ.