mn GB
Mobile menu

ОХУ-д хийсэн ажлын айлчлал 2000 оноос хойшхи харьцаанд шинэ хандлага авчирлаа

1004280008

Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжав тэргүүтэй төлөөлөгчдийн ОХУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр 2010 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Москва хотноо хоёр орны гаалийн удирдлагуудын уулзалт зохион байгуулагдав.

 

        1. Москва хотноо 1993 оны 1 дүгээр сарын 20-нд гарын үсэг зурсан Гаалийн асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын Хэлэлцээрийн хүрээнд хоёр орны Гаалийн байгууллагын хамтын ажиллагаа, сайн хөршийн уламжлалт харилцааг шинэ шатанд гаргах эрмэлзэлтэй байгаагаа хоёр тал харилцан илэрхийлэв. Хэлэлцээрийн хэрэгжилтийг хангахтай холбогдуулан хамтарсан арга хэмжээ зохион байгуулж явуулах нь чухал болохыг талууд харилцан хүлээн зөвшөөрч, энэ хүрээнд хоёр орны гаалийн байгууллага ажлын болон дээд хэмжээний уулзалтуудыг тогтмолжуулах нь чухал болохыг хүлээн зөвшөөрөв.

        2. Монгол Улс, ОХУ-ын хоорондох гадаад худалдааны талаарх мэдээлэл солилцоог туршилтын журмаар солилцох тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, ОХУ-ын Холбооны гаалийн алба хоорондын 2007 оны 3 дугаар сарын 27-ны Протоколд заасан ажлуудыг хугацаа алдалгүй даруй эхлүүлэх зорилгоор хоёр улсын гаалийн байгууллагын төлөөлөгчдөөс бүрдсэн ажлын хэсгийн уулзалтыг 2010 оны 5 дугаар сард зохион байгуулахаар тохиролцов.

        3. Монголын тал Буриадын Гаалийн газрын Хиагтын Гаалийн хорооноос Сэлэнгэ дэх Гаалийн газрын Алтанбулаг дахь гаалийн салбарт хилээр нэвтэрч байгаа бараа, тээврийн хэрэгслийн гаалийн хяналтын явуулын рентген төхөөрөмжөөр авсан хар цагаан өнгөтэй зургийг гаргаж өгдөг болсонд талархал илэрхийлэв. Оросын тал өнгөт зургийг цахим хэлбэрээр дамжуулж өгөх Монголын талын саналыг /хоёр боомтын хоорондох зайд шилэн кабель татах шаардлагатайг харгалзан/ авч үзэхийг зөвшөөрч ийнхүү дамжуулах боломжийн талаар судалж үзсэний дараа хариу өгөхөөр болов.

        4. Гаалийн бүрдүүлэлтэд ашиглаж байгаа гадаад худалдааны бичиг баримтыг ижилсгэх, хооронд нь нийцүүлэх зайлшгүй шаардлага байгааг талууд харилцан хүлээн зөвшөөрөв. Талууд гадаад худалдааны бичиг баримтын загварын товхимол /эмхтгэл/-ыг нэг сарын дотор солилцохоор тохиролцов. Оросын талаас Гадаад худалдааны статистик мэдээллийг солилцох тухай хоёр улсын гаалийн байгууллагын хоорондын санамж бичигт гарын үсэг зурах оросын талын саналыг Монголын тал ойрын хугацаанд судалж бичиг баримтын эх бичигт санал хүргүүлэхээр тохиролцов.

        5. Монголын талын хүсэлтийг харгалзан ОХУ-ын Гаалийн академид Монголын гаалийн ажилтнуудыг хөнгөлөлттэй нөхцлөөр сургах асуудлыг судалсны дараа ойрын хугацаанд нааштай шийдвэрлэхэд бүхий л шаардлагатай хүчин чармайлт гаргахаа оросын тал илэрхийлэв.

        6. Багш, шинжээч нарыг мэргэшил дээшлүүлэх журмаар талуудын сургалт, судалгааны байгууллагууд, гаалийн лаборатори хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр талууд тохиролцов.

        7. Талууд ойрын хугацаанд хууль сахиулах хүрээнд хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулж гарын үсэг зурахаар тохиролцов.

        8. Талууд Шуурхай мэдээлэл солилцох тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар ОХУ-ын Гаалийн хороо хоорондын 1995 оны 10 дугаар сарын 11-ний Протоколын Хавсралтыг шинэчлэхээр тохиролцов.

        Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжав, ОХУ-ын Гаалийн албаны дарга А.Ю.Бельяниновыг аль тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урьсан албан ёсны урилгыг гардуулав.

        Уулзалт найрсаг дулаан уур амьсгалтай өндөрлөв. Энэхүү Протоколыг 2010 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Москва хотноо орос хэл дээр хоёр хувь үйлдэж гарын үсэг зурав.