mn GB
Mobile menu

Гаалийн албаны түүхэнд нэр нь том үсгээр мөнхрөх ёстой хүн

Tserenbadam

Монгол улсын үндэсний гаалийн албаны 100 жилийн ой, 2012.06 дугаар сард тохиохтой холбогдуулан гаалийн ахмад ажилтаны нэг Л.Минжинтэй ярилцав.  

 

Асуулт: гаалийн удирдах төв байгууллагыг олон жил удирдаж байсан Самбуугийн Цэрэнбадам гуайтай хамт ойр дотно ажиллаж бйасан хүний хувьд та анх удаа хэзээ мэддэг болсон, хамт ажиллаж байсан үе, ер нь энэ хүний тухай гаалийн түүхэн хөгжилтэй холбон эргэж дурсвал

Хариулт: 1973 оны зун сургууль төгсөж ирээд гадаад худалдааны яаманд гэрээ хэлэлцлийн хэлтэст ажиллаж байсан үе юмдаг. Шинээр батлагдан мөрдөгдөж эхэлсэн БНМАУ-ын гаалийн хуулийн тухай Гаалийн хэрэг эрхлэх газрын дарга  С.Цэрэнбадам гэдэг золбоолог эрч хүчтэй байрын нэгэн хүн яамны хамт олонд лекц хийсэн үеэс мэддэг болсон билээ. С.Цэрэнбадам гуай 1978 онд Гадаад худалдааны яаманд гэрээ эрхийн хэлтэст шилжин ирсэн үеэс хамт ажилласан. Мөн 1984 онд дахин гаалийн албандаа эргэн ирж УБ хотын гаалийн хорооны дарга 1986 оноос Гаалийн хэрэг эрхлэх газрын Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч даргын албыг хавсран хийдэг болсон үеэс 10 гаруй жил хамтран ажиллаж, албаны болон хувийн сайхан харьцаатай болсон гэж боддог. С.Цэрэнбадам нь Монгол улсын гаалийн албаны шинэчлэн байгуулах үеийн эхний гараанаас нь шахуу гардан удирдаж үндэсний гаалийн алба, орчин үеийн гаалийн албаны 100 жилийн хувьсал хөгжлийн алинаас нь ч тооцож үзсэн тавны нэгтэй тэнцэх хугацаанд удирдаж ирсэн өөрөөр хэлбэл гаалийн хөгжлийн 20 жилийн хугацааны ачааг үүрч, түүхийг бичсэн хүн гэж үзэх бүрэн үндэстэй учир нь аливаа алба байгууллагын түүхийг  нарийвчлан судлахад өнгөрсөн үеийн тодорхой факт нь эх сурвалж болдог бөгөөд өнгөрсөн үе нь бүрэн төгс дуусгавар болно гэж байдаггүй. Дараа дараагийн үе нь залгамжилж түүхийг бүтээж 3 цагийн холбоонд тухай тухай үеийн түүхэн бие хүн тодордог. Ямар үйл явдал хэдий хаана болсон удирдлагын доор хэн ямар үүрэг зорилготой оролцсон үр дүн нь ямар байсан гэдэг нь тодорхойлогддог учир хэн нэгэн санаанаас зохиогоогүй үйл хэрэг болохоор гаалийн албаны түүхэн энэ зурвасхан үеийн зарим баримтыг цухасхан тэмдэглэхэд дараах үр дүн гарч ирнэ. Тэхээр би түүх судлал талаас гүнзгийн судалсан бус баримтат тулгуурлаж хувь хүний сэтгэгдэл дурсамжийн шинж чанартайгаар ярья гэж бодож байна. Аливаа түүхийг судлан үзэж бичихэд нэг хүний гүйцэтгэсэн үүрэг заавал тодорч гардаг талаар дахин давтан ялангуяа захиргаадалтын гэгддэг өмнөх нийгмийн байгууллагын үед улам ч тодордог байсан. Учир нь дээд байгууллага нь тухайн удирдах хүнд нь хариуцлага тооцдог байснаас хүн улам ихийг бүтээж байсан нь түүхэн үнэнд нийцэх юм. Харин түүхэн баримтад тулгууралахгүйгээр хүнд эерэг сөрөг дүгнэлт өгөх, хувийн үзэмжээр хандах нь зохимжгүй гэж би боддог.

Л.Минжин

Болж өнгөрсөн үйл явдлыг баримтат түшиглэн судалж үнэн мөнөөр нь харуулах нь зөв байх гэж үзэж нилээн баримт сэлтийг дахин сөхөн харлаа. Юу харагдав ямар дүгнэлт хийв. Олон баримтаас зөвхөн гол гэж үзсэн хэд гурван баримтат тулгуурлан дүгнэж үзлээ.  

С.Цэрэнбадам гуай 1961-1987 онд гаалийн албанд ажилласан цаг үе нь гаалийн алба дахин байгуулагдаж бүтэц зохион байгуулалт, эрхзүй боловсон хүчин гадаад, дотоод хамтын ажиллагаа, хэрэг дээрээ шинээр үүссэн гаалийн хөгжил дэвшлийн баттай суурийг тавьсан нь хувь хүний асар их хүч, мэдлэг зүтгэл гаалийн албаны зохион байгуулалт, нэгдсэн санаатай хөдөлмөрийн үр дүнд бий болсон нь түүхэн үнэн. Өөрөө даруу төлөв хүн учраас өөрийнхөө юу хийснийг бага ярьдаг байснаас зарим зүйлс бүрхэгдэж ирсэн талаар дурдая.  

Асуулт: Таны ярианаас үзвэл гаалийн алба дахин шинээр байгуулагдсан гэж үзэж болмоор юм шиг ямар учиртай талаар товч тайлбарлавал сонирхолтой байна

Хариулт: Бүрэн үндэстэй гэж үздэг. 1921 онд орчин үеийн гаалийн байгууллага нь олон улсын байдал болон цаг үеийн бусад нөхцөл шалтгааны улмаас 1930 оноос үүрэг зорилт өөрчлөгдөж түүх нь бүдгэрч янз бүрийн яамдын хавсарга дайвар болж биеэ даасан бүтэцгүй толгой хорогдох ажлын байр ч үгүй болсноор 1950-иад оны дундуур татан буугдсан зэрэг хувьсал өөрчлөлтийг дамжсаар дөнгөж 1958 онд шинээр байгуулагдсан тэр үеийн Гадаад худалдааны яамны гаалийн хэлтэс, 1960 оноос Гаалийн ерөнхий хороо болж дахин байгуулагдсан. Тэгсэн хэдий ч бүтэц орон тооны хувьд хөгжин бэхжиж амжаагүй байсан. 1961 оны дундуур гаалийн ерөнхий хороо гэдэг тамга тэмдэг хавтастай, данс бичгийн хамт өрх тусгаарлаж Улаанбаатар төмөр замын төв буудлын дэргэдэх хотын гаалийн салбарын 2 өрөө байранд шилжэж ирсэн гэж манай ахмад үеийн хүмүүс ярьдаг байсан. Энэ цаг үед 1961 оны дунд үеэр С.Цэрэнбадам гуай гаалийн ерөнхий хорооны даргаар томилогдсон. 1978 онд дунд үе хүртэл ажилласан. 18 жилийн хугацаанд өнөө үеийн гаалийн хэргийг эрхлэн явуулах бүхий л суурийг тавьж бэхжүүлэх, цаашид хөгжих боломжийг бүрдүүлсэн жилүүд байсан нь түүхэн үнэн юм. Тэгэхлээр гаалийн түүхэн хувьслынх нь хөгжлийн үеийн үйл ажиллагааг удирдсан хүний нэг болох нь тодорхой. Нотолгоо нь 1959 онд батлагдсан БНМАУ-ын Гаалийн дүрмийг 10 гаруй жил мөрдөж түүнийг манай улсын хөгжлийн цаг үе, гадаад харилцааны бүх цагийн хөгжилтэй уялдуулан 1973 онд БНМАУ-ын Гаалийн хууль болон батлуулж, 1978 оны байдлаар Гаалийн 3 хороо, 20 гаруй салбартай, 100 гаруй албан хаагчидтай, төрийн тусгай чиг үүргийн бие даасан бүтэц бүхий том алба болгосон байв.

/С.Цэрэнбадам/

minjinguai2

Асуулт: Энэ үеийн гаалийн албаны зорилт, гаалийн бодлогын онцлог, Гаалийн хэрэг эрхлэх үйл ажиллагааг тодруулбал?

Хариулт: 1950-иад оны дунд үеэс манай улс нь 2 хөрш улсаас гадна социалист гэгдэж байсан Ази, Европын орнуудтай холбогдож их бүтээнг байгуулалтын үе эхэлсэнтэй холбогдон Гаалийн бодлогыг шинэчлэх уялдуулан зохицуулах шаардлагатай болсон юм. Манай улсын гадаад харилцаа Европын социалист орнуудтай гол төлөв өргөжин хөгжсөн ЭЗХТЗ-ийн гишүүн болж улмаар хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх интеграчлах явцад шууд оролцох болсон юм. Гадаад худалдааны уламжлалт хэлбэрээс гадна эдийн засгийн хамтын ажиллагааны хэлбэрээр хөгжихөд таатай нөхцөл үзүүлэх, гаалийн бодлогын уялдуулан зохицуулах шинэ шинэ зорилт тавигдсан юм. Энэ үүднээс Болгар, Ардчилсан Герман, Монгол, Польш, ЗХУ, Унгар, Чехославак зэрэг 8 орон санал нэгдэж “Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах хэлэлцээр”-ийг боловсруулан 1962 оны 7-р сарын 5-нд Берлин хотноо байгуулсан бөгөөд манай улсын ЗГ-ын эрх олгосноор С.Цэрэнбадам гуай гарын үсэг зурсан нь гаалийн олон талын болон 2 талын хамтын ажиллагааны суурь тавигдаж гаалийн бодлогын эх сурвалж болсоор 1990 он хүртэл 30 жилийн хамтын ажиллагааны хөгжлийн үндэс болж ирсэн билээ. Энэхүү хэлэлцээрийн заалтын дагуу 1963 онд Монгол Зөвлөлтийн гаалийн байгууллагын хооронд “Гадаад худалдаа ачаанд гаалийн нэг талын үзлэг хийх” тухай хэлэлцээр байгуулж, 1963 оны 5.1-нээс Наушки, хилийн өртөөний гаальд мөрдөж эхэлсэн бөгөөд хэлэлцээрт Монголын талыг төлөөлж С.Цэрэнбадам ЗХУ-ыг төлөөлж Гаалийн ерөнхий газрын дарга Морозов нар гарын үсэг зуржээ. Энэхүү хэлэлцээрийн зарчмууд өнөөдөр хүртэл гаалийн бодлогод уламжлагдан ач холбогдлоо өгсөөр байгаа юм.  

Онцлон дурдвал зохих нэг асуудал бол 1960-аад оноос ЗХУ, БНХАУ-ын хоорондын харилцаанд үүссэн таагүй байдал нь манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн төрийн бодлогод шууд нөлөөлж үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулж ирсэн. Энэ үед эрх барих дээд байгууллагын шийдвэр гарч, манай улсын өмнөд хилийн хамгаалалтыг чангатгах, хил, гаалийн албаны өмнө, “улс төрийн шалгалт” хийж байх шинэ үүрэг тулгарав. Ер нь дэлхий дахинд хүйтэн дайны үеийн сөргөлдөөны арга хэрэгсэл үзэл суртлын дайны үе хүчтэй болж суртал нэвтрүүлгийн бүхий л хэрэгслээр дамжуулан хагалан бутаргах, нам төрийн бодлогыг гуйвуулах, үндэстэн хооронд хагалан бутаргах, дайн хүчирхийлэл, садар самууныг сурталчлах, шашны элдэв харгис урсгалыг нэвтрүүлэх бодлого байнгын үзэгдэл болж гаалийн хяналт шалгалтын үр дүнд олон тооны оролдлогыг таслан зогсоож баисныг түүх гэрчилнэ. Энэ талаараа олон баримт архивтай Хууль тогтоомжийг үндэсний онцлог болон, ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудын хооронд гүнзгийрэн хөпжиж, байгаа бүх талын харилцааг  зохицуулах эрхзүйн орчинг нэг мөр ойлголттой болгох, социалист системийн эрх ашгийг хамгаалахад хамтран ажиллах зорилгоор “Гаалийн асуудлаар” хамтран ажиллах, “Үзэл суртлын нөлөөтэй материалыг хил дамжуулахтай тэмцэх", “Хар тамхины хууль бус эргэлттэй тэмцэх тухай” зэрэг салбар хэлэлцээрүүд байгуулагдав. 1974 онд БНМАУ-ын хилээр оруулах, гаргахыг хориглосон зүйлсийг хуульчлан баталсан Засгийн газрын 455 дугаар тогтоол нь улс орны эрх ашиг, нэгдэн орсон Хэлэлцээрүүдийн заалттай нийцүүлэн гаргасан гаалийн бодлогын илэрхийлэл болсон юм. Дурдахын учир нь эдгээр асуудлыг мэргэжлийн талаас нь Гаалийн хэрэг эрхлэх газар боловсруулж, хэрэгжүүлэх дүрэм дагалдах дүрэм журам, зааврыг батлан мөрдөж ирсэн билээ.

Тухайн үеийн гаалийн бодлогын нэг онцлог нь контрабанд буюу арилжаалж ашиг хонжоо олохоор эд юмсыг нуун далдалж их хэмжээгээр хил нэвтрүүлэхтэй  тэмцэх асуудал  байсан   юм.   Энэ  нь “социалист онолоор” хувийн өмчийг зөвшөөрдөггүй, хувийн үйлдвэрлэл эрхлэх хориотой, өөрөөр хэлбэл хувийн өмч нь капитализмын тогтолцоо гэж үздэг  байсантай  холбоотой.   Өнөөдөр  зах  зээлийн  эдийн засгийн тогтолцооны үед энэ бодлого нь үеэ өнгөрөөсөн гэж үзэж болно.

Гаалийн статистик, мэдээллээс үзэхэд 1960-1990 онд гаалийн хууль тогтоомжийн хэрэг зөрчлийн дийлэнх хэсгийг эд юмс, валютыг нууж нэвтрүүлэх, хүн амын ёс зүй, дэг журамд сөргөөр нөхөөлөх зүйлс болон монголын түүх соёлын өв, ховор ан амьтаны гаралтай зүйлсийг гаргах оролдлого байсан нь харагдаж байна. Эдгээр баялагаа хамгаалахад манай гаалийн ажилтнууд үнэхээр эх оронч, хууль ёсоо дээдлэн ажиллаж ирсний үр дүн нь монголын ард түмний боловсрол, ухамсар, ёс зүйн хувьд өндөр, газар нутаг, түүх соёлын үнэтэй баялаг маань бүрэн бүтэн хадгалагдаж ирсэн юм.

Асуулт: Гаалийн албаны ажлын онцлогоос болж боловсон хүчнийг сонгож авах, сургах асуудал хэцүү байсан байх даа?

Хариулт: Аливаа салбар, тэр дотроос гаалийн албыг боловсон хүчнээр бэхжүүлэх асуудал цаг цагтаа том проблем байсан. Өнөөдөр ч энэ байдал үргэлжилсэн хэвээр байна. Ялангуяа 50-60-аад онд манай улсад шинэ үеийн сэхээтний давхрага дөнгөж бүрэлдэж, өндөр боловсролтой мэргэжилтэй хүмүүсийг хангалттай бэлтгэж амжаагүй байсан үе. Тиймээс заавал их, дээд болон тусгай мэргэжлийн сургууль төгсөөгүй ч эх оронч, чин шударга, идэвхи зүтгэлтэй хүмүүс л төрийн албаны бүх салбарыг авч ирсэн шүү дээ. Түүний нэг нь Гаалийн алба бөгөөд зарим талаар онцгой шаардлага тавигддаг байсан.

Хамгийн гол нь эх орон, ард түмнийхээ эрх ашгийг нэн тэргүүнд үздэг, шударга үнэн ч, асуудалд ноён нуруутай ханддаг чанарыг гол шалгуур болгон сонгон томилж байсан үе бий. Тэр нь зөв байсан нь амьдран дээр батлагдаж Г.Пунцагдаш, /Замын-үүд дэх гаалийн хорооны дарга/, З.Агваанцэдэн /Улаанбаатар хотын гаалийн хороо/,  Л.Жамьяандорж /Буянт-Ухаа дахь гаалийн хороо/, Я.Намсрайжав (Дархан хот дахь салбарын эрхлэгч), А.Самбуу, М.Галсан (Эрээнцав салбарын эрхлэгч), Ц.Дулмаа, Д.Банзар, Ш.Сэржмядаг, З.Нансал, Т.Сэлэнгэ, И.Готов, Б.Цэндсүрэн, Н.Туяа, Т.Оргодол, Н.Чулуунхүү, Б.Наран, Тавхай, Д.Батчулуун, С.Цэнд зэрэг олон  шилдэг ахмад үеийнхэн дараа үеийн Г.Сэсээр, Д.Амарсайхан, Ж.Булган, Д.Батболд, Б.Моюу нарыг томилон ажиллуулж ирсэн нь гаалийн албыг хөгжүүлэн бэхжүүлж цаашид удирдан авч явах ажилтнуудыг бэлтгэсэн гэж үзэж болно. 1975 онд анх удаа орон тоо батлуулж орлогч даргаар З.Цэвээнрэгзэн гэдэг гадаад худалдааны мэргэжилтэй, удирдах ажлын туршлага бүхий залуу орлогч даргаар томилуулж, гар нийлж сайхан ажиллаж байсныг манай хамт олон их л талархан дурсдаг байсан юм.

Энд нэр нь дурдаагүй олон сайхан ахмад ажилтнуудтай гар сэтгэл нийлэн ажиллаж ирснийг дурдаж бүгдийг нэрлэх боломжгүйд хүлцэл өчье.

С.Цэрэнбадамын хүнлэг шудрага ажилласаг, эрэмгий, нээлттэй эх оронч зан чанар нь олон түмнийг манлайлан дагуулж байсан гэдэгтэй олон хүн санаа нийлнэ гэж бодож байна.

Асуулт: Таны ярианд эх оронч үзэл гэдэг санаа олон дахин гарахыг ажиглалаа. Гаалийн албаны нэг чухал үүрэг нь улс орныхоо аюулгүй байдлыг хангахад чиглэсэн байдагтай холбоотой юу?

Хариулт: Төрийн аль ч чиг үүргийн албаныханы эх оронч үзлийн үр дүнг өнөө үеийхэн маань хүртэж байна. Гаалийн албан хаагчийн хувьд нэг онцлог нь цаг хугацаа, орон зайн өвөрмөц нөхцөлд хууль тогтоомжийн зүйл ангийг зөв хэрэглэх чадварын хувьд ч тэр эх оронч чанараа гаргаж харуулдаг онцлогтой. Ард түмнийхээ эрх ашгийн үүднээс эх орныхоо баялаг, түүх соёлын өвийг хамгаалж, хүн олныхоо ёс зүй, эрүүл мэнд, байгаль орчинд харш зүйлсийг оруулахгүй байж чадсан. Харин сүүлийн үед хүний эрх, эрх чөлөө гээд сахилга дэг журмыг сулруулж, ажилгүйдэл, сургуульгүй, архидан согтуурсан хүмүүс олширч садар самуун явдлыг чөлөөтэй болгоод юунд хүрэв.

Асуулт: Ард  түмэн   маань  төрдөө  түшиг  болж  хамтран   улс   орныхоо баялгийг үеийн үед хамгаалж ирсэний үр дүнд, өнөөдөр Монгол эх орон маань дахиад дэлхий нийтийн анхаарлыг яаж татаж байна вэ?

С.Цэрэнбадам   гуайн   эх  оронч,   эрэмгий  аялдан  дагалддаггүй, хуулиа дээдлэн үздэг байсныг би энд ганцхан баримтаар түшиглэн онцлон дурдая.

1960-аад   онд   Монгол-Польшийн   Шинжлэх   ухааны   академийн Палентелогийн хамтарсан экспедиц монгол нутагт ажиллаж олон тооны үлэг гүрвэлийн яс олсон ба 1960-аад оны сүүлчээр судалгаа шинжилгээ сэргээж  засвар хийлгэхээр Польш   улсад   явуулах гэсэн Монгол Шинжлэх ухааны академийн шийдвэрийг С.Цэрэнбадам нь хууль ёсны   зөвшөөрөл   (Засгийн   газрын   шийдвэр)-гүйгээр   гаргахгүй гэж нэлээд том асуудал үүсгэн хатуу байр суурьтай байсан юм билээ. Үнэхээр   ч   энэ   асуудал   хууль   тогтоомжоор тодорхой зохицуулагдаагүй байсан үе учир Засгийн газар л шийдвэрлэх хэрэгтэй байжээ.

Харин Засгийн газар гаалийн байгууллагын зүй ёсны байр суурийг харгалзан үзэж, тэр үеийн Засгийн газрын тэргүүн Ю.Цэдэнбалын гарын үсэгтэй  шийдвэр гаргаж байсан зэрэг бусад  баримтууд Гаалийн  архивт байдаг. Энэ юуг харуулж байна вэ? Хамгийн гол нь хууль ёсоо сахин биелүүлдэг, эх орныхоо эрх ашгийн төлөө эх оронч явдал мөн үү?

 Мөн. Нөгөө   талаар   Засгийн   газар ч хууль ёсоо дээдлэн гаалийн байгууллагын шаардлагыг зөв хүлээн авч  эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргаж байсан нь сайхан хэрэг шүү дээ. Харин Гаалийн дарга С.Цэрэнбадамын энэ үйл ажиллагаа дээд удирдлагад байсан зарим хүмүүсийн санаанд таараагүй юм гэнэ лээ. Энэ мэт дээд албан түшаалтны өмнө ая тал засч, аялдан дагалддаггүй хуулиа дээдлэн зоримог шийдэмгий алхам хийсэн байсан нь өөрийнх нь хойчийн амьдралд сөргөөр нөлөөлсөн байж болох талтай боловч гаалийн удирдах ажилтаны үлгэр дууриал болох сайхан үлгэр жишээг хамт олондоо харуулж байсны баримт юм. Иймэрхүү жишээ баримт олон тохиолдож байсан гэдэг.

Энэ талаар түүхэн баримтад тулгуурлан судалж, гаалийн албаны бахархал болох, гаалийн түүхэнд нэр нь тод үлдэх ёстой, С.Цэрэнбадам болох тийм эрх бүхий хүмүүсийн тухай хойшид дурсан бичих бодолтой байна.

Асуулт: Гаалийн албыг олон жил удирдаж бас үр бүтээлтэй ажиллаж Гаалийн хэрэг эрхлэн явуулах бүх нөхцөл эх суурийг тавьсан хүн гэдгийг мэдлээ.

С.Цэрэнбадам гуайн ажлыг тэр үеийн нам, төрөөс хэрхэн үнэлж ирсэн бол. Ер нь хувийн амьдрал нь ямар байсан бэ?

Хариулт:   Нэг  зүйлийг  онцлон  дурдахад  С.Цэрэнбадам гуайн  төр,   албан тушаал, шагнал урамшуулалын төлөө хэзээ ч яваагүй гэдгийг би баттай хэлж чадна.

Харин гаалийн албаныхаа хумүүсийг төрийн дээд шагналд тодорхойлж хөөцөлдөж байсныг мэднэ.  Ер нь түрүү нийгмийн тогтолцооны онцлог (нэг намын удирдлагатай)-оос болдог байсан уу, аливаа шатны удирдах хүмүүс нь дээд талаас л санаачилга гаргахгүй бол хамт олноо л шагнуулаад өөрөө хоосон хоцордог зарим хүн байсан нэг нь мөн. Энд дээд талын эерэг, сөрөг үнэлэлт, үзэмж заримдаа субьектив чанартай хандлага байсныг үгүйсгэхгүй.

С.Цэрэнбадамын шулуун шударга, ая тал засдаггүй чанар, албан үүргээ хууль ёсоор биелүүлж байсан нь зарим талаар нөлөөлсөн байх гэж би боддог. Тиймээс ч том том одонгоор энгэрээ цоолуулаагүй байж мэднэ. Тухайлбал миний дээр дурдсан баримт. Гэхдээ Гаалийн албаны түүхэнд нэр төртэй байр эзэлж ирсэнийг хойч үе маань зөв үнэлж мэдэж байх ёстойг дахин дурдая.

Өөрөө ярихдаа "Би баян хүн, олон сайхан шар хүүхэдтэй" гэдэгсэн. Тэр үнэн. Бахархал болсон хүүхдүүдэдээ эрдэм боловсролтой мэргэжил мэдлэгтэй сайн хүн болгохын төлөө харин байнга санаа тавьдаг байсан гэж боддог.

Хувийн эрх ашгаа боддоггүй явж ирсэн нь тухайн үедээ шударга сайн хэрэг байсан ч зарим талаар өөрийнх нь амьдралд ямар нэг л талаар хохиролтой байсан болов уу.  

1966 онд улсаас өгсөн 12 дугаар хороолол дахь байрандаа насанд хүрсэн хүүхдүүдийнхээ хажууд, гэргий Мягмарсүрэнтэйгээ амьдарсаар ирсэн. 1990-ээд   оны   сүүлчээр   гаалийн   байгууллагын орон сууцны хангамж сайжирч ирсэн үед бусдын жишгийн адилаар 2 өрөө байр олгож өгөх талаар Гаалийн ерөнхий газарт өргөдөл гаргасныг мэдэх юм. Одоо ч тэр нь хүчинтэй байгаа байх. Тэр хүсэлт нь дараа дараалан солигдсон дарга нарын гар дамжсаар түүнийг нь өөрөө хүлээж чадаагүй дээ. Зуслан гэж Шарга морьтод хуучин Гадаад худалдааны яамны зусланд байсан амбаартаа гардаг байсан. Энэ юуг харуулж байна вэ? Зарим хүний боддогоор бол гаалийн энэ том даргаар олон жил байсан хүн ч ... гэж гайхдаг байсан байх даа. Энэ мэтээр шударга зан чанар нэвт шингэж өөрийгөө бодолгүйгээр төрийн алба гэж явсаар хувийн амьдралаараа С.Цэрэнбадам гуай шиг хохирсон олон ахмадууд төвд ч бий, хил хязгаарт ч бий. Ялангуяа улсын хилийн хориотой зурваст насаараа ажиллаад байр ч үгүй, газар ч үгүй, хүүхэд нь ч сургуульгүй, гэр бүлийн хүн ч ажилгүй, тэтгэвэргүй үлдсэн хүмүүс бий. Эдгээр хүмүүсийн талаар сүүлийн үед гаалийн төв байгууллагаас анхаарч байгаа   бололтой.   Гааль   судлалын   хүрээнд   судлан   тогтоож амьдрал ахуйд нь тус дэм үзүүлэх байх гэж бодно.

Асуулт:     Гаалийн     байгууллагын ажиллах, амьдрах таатай орчинг бүрдүүлэх, санхүү, аж ахуйг бэхжүүлэх нь гаалийн албаны үүргээ зохих ёсоор биелүүлэх нэг нөхцөл байсан байх. Энэ талаар,

Хариулт:   1950-иад оны сүүлчээс манай улсын гадаад харилцаа бүх талаар өргөжин  хөгжиж бүтээн  байгуулалт  өрнөж  улсын  хэмжээнд санхүүгийн нөөцийн бэрхшээл өнөөдрөөс илүү тулгарч байсан нь мэдээж. Сүхбаатар-Наушки,   Замын-Үүд-Эрээн   гэдэг  олон   улсын  төмөр замын тээврийн харилцааны олон улсын нээлттэй боомт бий болж, тэнд   ажиллах   гаалийн   байгууллагуудыг   өргөтгөн   хөгжүүлэх, гаалийн   албыг   боловсон   хүчнээр   хангах, ажиллах   амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гаалийн төв байгууллагын ажиллах байр сав байгуулах гээд олон ажилд шат дараалсан санхүүгийн эх үүсвэр шаардагдаж байсан үе. Үнэхээр ч улсын нөөц хомс байсан. БНМАУ-ын Засгийн газраар 1964 онд 179 дүгээр тогтоол гаргуулж, Гаалийн ерөнхий хороог Гаалийн хэрэг эрхлэх газар болгон эрх хэмжээг өргөтгөсөн юм билээ. Мөн энэ тогтоолоор гаалийн албаны формын хувцасыг үнэ төлбөргүй олгож (урьд нь тодорхой хэсэг нь төлбөртэй   байсан),   эдэлгээний   хугацаа,   бүтэц,   бүрэлдэхүүн, загварыг баталсан. Энэ нь гаалийн байцаагч нарын амьдрал ахуйд ихээхэн тустай болж Гаалийн албаны нэр хүнд, сүр хүч өсөн хөгжихөд нөлөөлсөн гэж манай ахмад үеийнхэн талархан дурсдаг .байсан юм.

Өнөөдөр ч гаальчдын формын хувцасны загвар, ялгах тэмдэг, эдлэх хугацаа зэрэг нь үндсэндээ уламжлагдан явж байгаа юм. Гаалийн удирдах төв байгууллага нь бие даасан ажлын байргүй байсныг С.Цэрэнбадам дарга шаргуу хөөцөлдсөний дүнд дээд  байгууллагуудаар хөрөнгийн эх үүсвэр зөвшөөрүүлж тэр үеийн Хоршооллын дээд байгууллага болох Үйлдвэрийн хоршоололуудын Дэд зөвлөлийн дарга Д.Дэмчиг гуайн туслалцаа авч, тэдний барилгын байгууллагаар хоёр давхар барилга бариулсан гэдэг.

Энэ барилга нь Улаанбаатар төмөр замын төв буудлын дэргэд, Улаанбаатар хот дахь гаалийн газрын шинээр баригдсан барилгын суурин дээр саяхан болтол байсан)

1964 онд ингэж шинэ барилга бариулсан нь ажил явуулах нөхцөл сайжирсан төдийгүй Монгол Улсын Гаалийн төв байгууллагыг гал голомтыг дахин бадраасан гэж болно.

Дахин гэдгийн учир нь 1914 онд Нийслэл хүрээнд сүртэй хаалга бүхий хашаатай баруун гаалийн хороо буюу төв байгууллагын конторын барилгыг 30-аад онд өөр байгууллагад шилжүүлсэн түүхтэй. 1950-аанд онд газарт орсон гэж Гадаад худалдааны ахмад ажилтан Д.Ганжууржав, Ө.Дорж нар дурсан ярьдаг байсан. Өөрийн байртай, хаягтай болсон явдал нь нэг ёсондоо гаалийн албаны нэр хүнд өсч хөгжиж, сүр хүчтэй байхын нэгэн үзүүлэлт гэж болно.

Энэхүү   барилгын   хөрөнгийн   эх   үүсвэрийг   шийдвэрлүүлэхээр хөөцөлдөж байсныг дурдвал урт түүхэн дурсамж болно. Товчхон хэлэхэд мөн л С.Цэрэнбадамын бас нэг ажлын түүх тодорч ирнэ.

Асуулт: Тэр үед харьцангуй залуу үед тооцогдож байсан таны үеийнхэн С.Цэрэнбадам даргаас юу суралцаж, ямар үлгэр дууриал авч байсан бол?

Хариулт: Хувийн зохион байгуулалт сайтай, нягт нямбай, албан ажлын өндөр соёлтой, шударга, эргэж буцдаггүй шийдвэртэй, зан чанарыг л манай хамт олон их хүндэтгэж үздэг байсан. Мэдээж хүн бүр л өөр өөрийн ажилд хэвшүүлж байсан үлгэр дууриал болгосон. Нэг ёсондоо сайн менежменттэй хүн байсан юм. Гадаад орнуудын гаалийн удирдах хүмүүсийн дунд нэр хүндтэй байсан. Нотолгоо нь Берлиний (1962 оны) Хэлэлцээрийн дагуу байгуулсан “Социалист орнуудын Гаалийн байгууллагын удирдагчдын бага хурал гэдэг байнгын байгууллага нь жил бүр гишүүн нэг оронд ээлжлэн хуралддаг, тэр орны гаалийн байгууллага нь эстафет хүлээж авсан үеэсээ дараачийн бага хурал болох оронд хүлээлгэж өгөх хүртэл нэг   ёсондоо   удирдан   зохицуулах   үүрэг   гүйцэтгэж, хурлыг даргалдаг журамтай байв.

Бага хурал Гурван удаа Монголд болсон. X Бага хурал (1968 онд), ХҮП Бага хурал (1975 онд) хоёрыг нь С.Цэрэнбадам даргалан явуулсан түүхтэй.

Хожим биднийг олон улсын хурал зөвлөлгөөнд оролцож байхад гадаад орнуудын гаалийн дарга нар ЗХУ-ын Юрий Примеров, Германы Герхард Штаух, Чехословакийн Иржи Брож, Болгарын Георог Величков нар дандаа л С.Цэрэнбадам гуайг асууж сураглаж, мэнд дамжуулдаг байж билээ. Олон улсын үйл ажиллагаанд оролцож байсан баримт, фото зургуудыг өөрөө нягт нямба хадгалж ирсэн. Энэ ч гэсэн  монголын  гаалийн түүхэнд үлдэх ёстой  үнэт материал гэж бодож байна.

Монгол Улсын гаалийн албаны ажилтан нарын гарын авлага болгож, Г.Пунцагдаш гуайгаар хууль тогтоомж, баримт бичгүүдийн эмхтгэл бэлтгүүлж, өөрө хянан тохиолдуулж 1966 онд хэвлүүлсэн юм. Харин тэр үеийн хууль журам ёсоор гаалийн баримт бичгүүд тариф мэдээ нь нууцын зэрэглэлтэй байсан тул зөвхөн албан хэрэгцээнд зориулагдсан юм. Одоо энэ номыг музейн үзмэр болгохоор эрж сураглахад хүрээд байна.

Энэхүү эмхтгэл хэвлүүлэх ажил нь уламжлал болж 1986, 1998, 2006 онд дахин дахин шинээр хэвлэгдэж  гаалийн ажилтан нарын гарын авлага болсоор байна.

Асуулт: Манай улсын гадаад харилцаа өргөжихийн хэрээр гаалийн   байгууллага   бэхжиж   ирсэн   гэлээ.   Зарим   онцлогоос дурдвал.

Хариулт:  Дээр дурдсанаар 1930-аад умард хөрштэй хиллэдэг Хөшөө мод хожимын Хош Агач, Цагаануур, Ханх, Алтанбулаг, Эрээнцав гэдэг дөрвөн боомтоор Монгол-Зөвлөлийн гадаад худалдааны үйл ажиллагаа бүхэлдээ явагддаг болсоор 1950-аад оны дунд хүрсэн байна.   Эдгээр боомтуудад гадаад худалдааны дамжлага баазууд байгуулагдаж дэнд гаалийн салбар, төлөөлөгч ажиллаж байв. Олон улсын    төмөр зам,  агаарын тээвэр,  шуудан  илгээмжийн харилцаа мөн л 50-иад онд эхэлсэн учир тэнд гаалийн салбарууд байгуулагдсан. Харин 1960-аад онд Дархан хотын, 1970-аад онд Эрдэнэт, Чойбалсан хотын бүтээн байгуулалт өрнөж, тэнд гүний гаалийн байгууллага болох гаалийн салбарууд байгуулж эхлэв. 1971 онд ЗХУ-тай хил худалдааны, 1972 онд ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудын ижил төрлийн байгууллагуудын хооронд шууд харилцаа тогтоох тухай Засгийн газрын Хэлэлцээрүүд байгуулагдсан нь хилийн нэвтрэх боомтуудыг шинээр байгуулах шаардлагатай болов.

1971 онд (Сайд нарын Зөвлөл) Засгийн газрын 215 дугаар тогтоол гарч хилийн худалдаа болон шууд харилцаанд оролцогч Монгол-Зөвлөлтийн субъектүүдийг тогтоож;

Сэлэнгэ аймгийн чиглэлд Сүхбаатар, Алтанбулаг, Цагаан-Арал, Зэлтэр, Дорнод аймагт Эрээнцав, Улхан майхан, Завхан аймагт Арцсуурь, Хөвсгөл аймагт Ханх, Увс аймагт Боршоогийн гол, Баян-Өлгий аймгийн чиглэлд Цагааннуур, Дорноговь аймгийн чиглэлд Замын-Үүд, Улаанбаатар хотод Буянт-Ухаагийн нисэх онгоцны буудал гэх мэтээр хил худалдааг, шууд харилцааны боомтыг нэр зааж өгсөн юм. Хожим нь мөн хил орчмын худалдаанд таатай нөхцөл бүрдүүлэх зорилгоор Сэлэнгэ аймагт Хяраан, Хүдэр, Цагаанчулуут, Хэнтий аймагт Агацын гол, Хэрийн гол, Дорнот аймагт мөн 2 боомтод гаалийн салбар, мөн Чойр, Сайншанд, Зүүнхараа хотуудад гаалийн салбар, Улаанбаатар хотод Чингэлэгийн тээврийн станц зэрэг газарт гаалийн салбарууд шинээр байгуулагдаж, хилийн болон гүний гаалийн хяналтаар гадаад худалдаа, зээл тусламжийн барааны бүртгэл статистикийн мэдээллийг сайжруулах ажил эхэлсэн юм

Эдгээрийг дагаад эрхзүйн орчинг бүрдүүлэх боловсон хүчний хэрэгцээ, бэхжилт, нийгмийн асуудал, гаалийн хэрэг эрхлэн явуулах нөхцөл бүрдүүлэх гээд бүхий л ажил ундарсан нь тодорхой.

Товчхон  хэлэхэд  өнөө үеийн  хилийн  боомтууд байгуулагдаж дэд бүтэц байгуулагдаж гаалийн хэрэг эрхлэн явуулах боловсон   хүчин   бэхжиж, эрх   зүйн   болон материаллаг орчны суурь ямар нэг хэмжээгээр тавигдсан үе гэж үзэх бүрэн үндэстэй.

Сүүлийн үед Гаалийн ерөнхий газраас гааль судлалын талаар анхаарч арга хэмжээ авч байна. Түүхэн үнэн баримтад тулгуурлан ахмад үеийн зарим гавьяатай хүмүүсийн талаар судлах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр одоо үеийхэнд таниулах сайхан боломж олгож байгаад ахмад үеийнхэн бид гүнээ талархаж байдаг юм.

Дахин давтан хэлэхэд миний энд дурдсан товчхон баримтуудын мөрөөр улбаалан гаалийн түүх төдийгүй, хууль эрх зүйн болон эдийн засгийн асуудал, хүний нөөц, дэд бүтцийн хөгжил дэвшил, хилийн боомтуудын мөн чанар зарим талаар геополитиктой холбоотой боомтууд эерэг, сөрөг талууд, мэдээлэл судалгаа сүүлийн үеийн мэдээллийн технологи, Гадаад, дотоод хамтын ажиллагаа, хэрэг зөрчлийн шалтгаан нөхцөл гэх мэтээр судлах объект, орон зай нь нэг ёсондоо атар газар мэт байна шүү дээ. Харин зарим нэг хүний бичсэн түүхэн баримтад тулгуурлаагүй буюу гэрчлэх, мэдэх, хүмүүс цөөрсөн үед буруу зөрүү зүйл хэвлэлд гарч байгааг буюу будаа идсэн зүйл байгааг уншигч олон тунгааж үзэж байгаасай гэж бодож байна.

Монгол улсын гаалийн албаны түүх, нэр нь тэмдэглэгдвэл зохих үе үеийн ахмадууд өнөө үеийн хамтран зүтгэгчдийнхээ тухай судалж хөдөлмөр зүтгэл, ажил үйлсийн үлгэр дууриаллыг олны хүртээл болгож мөнхжүүлэхийг нийт хүмүүстээ уриалмаар байна. Бид ч чадлынхаа хэрээр судлах ажлаа цаашид үргэлжлүүлэх санаатай байгаа. Дашрамд дурдахад 2001 онд Гаалийн албаны ахмад тэргүүний хүмүүстэй уулзах хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж Монцамэ-ийн сэтгүүлч Ч.Чимэддорж, Ш.Цэрэн нар гаалийн ахмад хүмүүстэй уулзаж сурвалжилж байсан юм. Сэтгүүлч Ш.Цэрэн нь С.Цэрэнбадам гуайтай уулзаж хийсэн сурвалжлага, эх хувиараа архивт хадгалагдаж ирснийг нэхэн хэвлүүлж өгөхийг хүсье.  

Сурвалжлагч: Ярилцлага өгсөнд тань талархаж байна. Тантай дахин үргэлжлүүлэн ярих бололцоо олдоно гэдэгт найдаж байна.