mn GB
Mobile menu

Монголын гаальчдын оюуны бүтээлийн баяр үргэлжилсээр байна

Гаалийн байгууллага нь байцаагч нарынхаа оюуны бүтээлүүдийг цаг ямагт дэмжин ажилласаар ирсэн уламжлалтай билээ. Эх орныхоо эдийн засгийн манаанд зогсож буй гаальчид маань өөрсдийн оюуны бүтээлээр (2008 оны 5 дугаар сарын 15 болон 2012 оны 10 дугаар сарын 9) хоёр удаа “Оюунлаг Гааль” номын баярыг “Интерном”-ын захиргаатай хамтран зохион байгуулсан билээ.

Монгол Улсад гаалийн алба үүсч, хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд манай гаальчдаас хууль эрх зүй, олон улсын худалдаа, нийгэм-эдийн засаг, улс төр, түүх, хэл шинжлэл, мэдээллийн технологи болон компьютер, бараа судлал, хими, яруу найраг зэрэг шинжлэх ухааны бүхий л салбарыг хамарсан оюуны ная гаруй ном зохиолыг туурвин гаргасны нэг жишээ бол ГЕГ-ын дэргэдэх Сургалтын Төвийн сургагч, судлаач ГУБ У.Отгонбаярын эмхтгэн гаргасан Хүүхэд залуучуудын танин мэдэхүйн “Аян замын тэмдэглэл” таван цувралын эхний 1 болон 2 дугаар боть ном юм.

Тэрбээр номын баяраа уламжлал ёсоороо “Интерном”-д 2013 оны 2 дугаар сарын 6-нд хийсэн, энэ нь түүний хувьд тав дахь номын баяр нь байлаа.

1
Зураг 1. И.Дэндэвийн “Аян замын тэмдэглэл” номын баярын нээлт,

Интерном, 2013 оны 02 дугаар сарын 6

Энэхүү номын баярт “Интерном”-ын захиргаа, Гаалийн Ерөнхий Газар, Монголын Үндэсний Олимпийн Хороо, Спортын Анагаах Ухааны Албаны ажилтан, албан хаагчид болон “Аян замын тэмдэглэл” номын зохиогч И.Дэндэвийн гэр бүлийнхэн оролцжээ.

Монгол улсад биеийн тамир спорт, олимпизмийн үзэл санааг сурталчлан дэлгэрүүлэх, спортын анагаах ухааныг цэцэглүүлэн хөгжүүлэх ариун үйлст өөрийн ухамсарт амьдралаа 1964 оноос эхлэн зориулсан, Монгол улсын шигшээ баг, тамирчдыг тив дэлхий, олимпийн их наадмуудад амжилттай оролцуулахад жинтэй хувь нэмрээ оруулсан самбо, жүдо, сонгомол болон чөлөөт бөхийн барилдааны шигшээ багийн эмч, хэлмэрч, сурвалжлагч, олон улсын сэтгүүлч, шатар, байт сур, гүйлт, уулын спортын мастер, нэртэй явган аялагч Хүгдүүд овогтой Ичинноровын Дэндэвийн хойч үедээ бичиж үлдээсэн тэмдэглэлээс нь Гаалийн Ерөнхий Газрын дэргэдэх Сургалтын төвийн Гаалийн Улсын Байцаагч У.Отгонбаяр нь түүвэрлэн эмхтгэж, “Аян замын тэмдэглэл” нэртэй хүүхэд залуучуудын танин мэдэхүйн таван цувралаас эхний 2 боть номыг хэвлүүлж, олны хүртээл болгожээ.

“Аян замын тэмдэглэл 1-2 хэсэг" номын зохиогч Дэндэв нь 1967 оны Мехикогийн зуны XIX олимпийн тоглолтын өмнөх III тоглолт, 1968 оны Греноблийн өвлийн X Олимп, 1976 оны Монреалын зуны XXI олимп, 1971 оны Токиогийн идэрчүүдийн чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 1974 оны Стамбулын Ази тивийн VII их наадам, 1978 онд Азийн VIII тоглолт (Бангкок хот), 1984 оны Торехоны (Испани) идэрчүүдийн самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон 1990 онд Итали, Японд зохиогдсон чөлөөт бөх, сонгомол бөхийн барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд эмч, хэлмэрч, сэтгүүлчээр оролцож байсан юм. Тэр үеийн монголын шигшээ багийн тамирчдын гаргасан амжилт ололт, ялалт ялагдал, тэдэнд тохиолдсон сонин хачин, явсан газар, нутаг орны онцлог, ард түмнүүдийн ахуй амьдрал, ёс заншил, түүх дурсгал, шашин шүтлэгийн тухай энэхүү номонд өгүүлнэ.

Номын баярын хөтлөгч, зурхайч П.Цэдэнням нь:

Хаврын урь орж, зон олны маань нуруу тэнийсэн энэ сайхан өдөр Номын баярынхаа нээлтэнд хүрэлцэн ирсэн Эрхэм уншигч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе!

Тэртээ ардчиллын салхи сэвэлзсэн он жилүүдтэй давхцаж, 1993 оны 4 дүгээр сарын 15-ны пүрэв гаригт Эх орны маань Зүрх нь болсон Их жанжин Сүхбаатарын талбайгаас хоточ Банхар нохойгоо дагуулан дэлхийг тойрох аялалдаа хэсэг нөхөд маань гарч байсныг тодхон санаж байна аа. Багийн гишүүдийг танилцуулбал: Житкундогийн Холбооны ерөнхийлөгч П.Батзориг, дасгалжуулагч Л.Нацагням, эмч-хэлмэрч И.Дэндэв нарыгаа эргэн дурсахад нэн таатай байна аа. Явган аялагч нар маань явганаар Арван мянга гаруй км замыг туулж, Монгол гэдэг нэрийг Дэлхийн чихнээ дуурсгаж, Монгол хүний эр зориг, тэвчээр хатуужлыг зон олонд гайхшируулсан билээ. Тэдний нэг эмч, хэлмэрч, сэтгүүлч Хүгдүүд овогтой Ичинноровын Дэндэв гуайг энд онцлон тэмдэглэхэд таатай байна аа. Дэндэв гэж хэн хүний нүдэнд өртөгдөөд байхааргүй эгэл даруухан хүн бидний дунд амьдарч Эмнэлэг биеийн тамирын диспансерт 1964-1990 онд ажиллаж, олимпийн наадам, тив дэлхийн олон оронд зохиогдох спорт тэмцээнд Монгол улсаа төлөөлөн эмч, хэлмэрч, сэтгүүлчээр оролцож явсан буянтай буурлуудын нэгэн байлаа.

И.Дэндэв гуай ажиллаж, амьдарч байх хугацаандаа олон олон орноор зочилж тухайн орны ахуй амьдрал, ёс заншил, соёл иргэншлийн талаар олон сайхан нийтлэл, өгүүлэл, тэмдэглэл хөтөлж хойч ирээдүй бид бүхэнд үнэтэй хувь нэмрээ үлдээсний өчүүхэн тод жишээ бол “Аян замын тэмдэглэл” хэмээх ном билээ. Энэхүү номыг түүний хүргэн Отгонбаяр таван жилийн уйгагүй нөр их хөдөлмөрийн үрээр эмхтгэн сийрүүлж, уншигч та бүгдийн гар дээр тавьсныг энд хэлэхэд нэн таатай байна” гэлээ.

Номын баярыг нээж Монголын Үндэсний Олимпийн Хорооны ерөнхийлөгч, Монгол улсын эрүүлийг хамгаалахын Гавъяат ажилтан Д.Загдсүрэн үг хэлсэн, тэрбээр:

-“И.Дэндэв эмчтэй би хувь заяаны учралаар холбогдсон хүн гэж боддог.

Намайг 1980-1984 онд Эмнэлэг, биеийн тамирын диспансерт ажиллаж байхад И.Дэндэв гуай тус байгууллагын дарга нь байв. Би 1984-1990 онд АУДС-д сурч төгсөөд эргээд ирэхэд чөлөөт бөхийн улсын шигшээ баг хариуцсан эмчийн ажлаа надад хүлээлгэж өгч байлаа. И.Дэндэв гуай тэгэхэд өндөр насны тэтгэвэртээ гарч байсан юм билээ. И.Дэндэв гуай надад гадаад хэлийг сайн сур гэж байнга захидагсан. Тэрээр манай улсад ажиллаж байсан Энхтайвны корпусын ажилтан англи хүнийг авчирч байгууллагынхаа эмч нарт англи хэл заалгуулдаг байсан нь залуу хүмүүст гадаад хэл ирээдүйд чухал хэрэгтэй зүйл болно гэдгийг олж харсных биз ээ.


2
Зураг 2. Монголын Үндэсний Олимпийн Хорооны ерөнхийлөгч, Монгол улсын эрүүлийг хамгаалахын Гавъяат ажилтан Д.Загдсүрэн, Интерном, 2013 оны 02 дугаар сарын 6

Эрхэм хүн Дэндэв гуай Америк, Орос, Австралид амьдарч байгаа үндэстний цөөнхүүд хавтгайдаа архинд орж сөнөж устахдаа хүрээд байгаад санаа зовж тэднийг авран хамгаалах талаар анхаарал тавихыг хүсэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад захидал илгээж хариу авсан тухайгаа надад үзүүлж байсныг би санаж байна.

И.Дэндэв гуайн хувь хүний онцлог чанар нь өөртөө томоохон зорилго тавьж түүндээ хүрэхийн тулд зориг шантралгүй тэвчээртэй хөдөлмөрлөж, аливаа хүндрэл бэрхшээлийг даван туулж зорьсондоо хүрч чаддагт оршдог болов уу.

Тэрээр эмчийнхээ үндсэн ажлаас гадна орос, англи, франц хэлийг бие даан сурч, алс холын Америк тив хүртэл явганаар аялж, тэсгим өвлийн хүйтэнд харзны усанд шумбаж, уул, байт харваа, шатар, холын зайн гүйлт зэрэг зориг тэвчээр шаардсан спортоор хичээллэж үр дүнд хүрсэн нь түүний дээр дурьдсан чанаруудыг бэлхнээ илтгэнэ.

И.Дэндэв гуай Монголын Спортын 1960-1970-аад оны алтан үеийн тамирчдын багийн эмчээр ажиллаж байхдаа тэднийхээ жаргал, зовлонг бие сэтгэлээрээ мэдэрсэн хүний нэг юм.

И.Дэндэв гуай олимп, тивийн наадам дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд багийн эмч, хэлмэрч, сурвалжлагчийн үүргийг давхар гүйцэтгэж явахдаа тамирчин хүний ялах, ялагдах үеийн сэтгэл зүй, тэрчлэн бусад орны алдарт тамирчин, дасгалжуулагчдын сэтгэгдэл, ард түмнүүдийн ахуй амьдралын онцлог, түүх соёлын талаар олон арван нийтлэл сурвалжлага бичиж хойч үедээ үлдээсэн юм үзэж нүд тайлсан нэгэн байлаа.

И.Дэндэв гуай Монгол улсад спортын анагаах ухааныг хөгжүүлэх, тамирчдын спортын амжилтыг дээшлүүлэх, олимпизмийн үзэл санааг сурталчлан дэлгэрүүлэхэд өөрийн амьдралаа зориулж, өсвөр залуу үеийг үлгэрлэн манлайлагч оюунлаг сэхээтэн хүн байсан.

И.Дэндэв агсны туулж өнгөрүүлсэн амьдралын арвин баялаг түүхэн замнал, хичээл зүтгэл, адал явдлын талаар өгүүлсэн "Аян замын тэмдэглэл" хэмээх энэхүү цуврал боть номууд манай ирээдүй болсон шинэ үеийнхэнд сайхан үлгэр дуурайлал болно гэдэгт итгэл төгс байна.

Номын буян хишиг арвижах болтугай!” гэж хэлсэн.

3
Зураг 3. ГЕГ-ын дэргэдэх Сургалтын Төвийн сургагч, судлаач ГУБ У.Отгонбаяр,

Интерном, 2013 оны 02 дугаар сарын 6

Номын баярын үеэр И.Дэндэв агсны бичиж үлдээсэн тэмдэглэлээс түүвэрлэн эмхтгэж, номын хэвлэлийн эхийг бэлтгэж, редакторласан хүргэн У.Отгонбаяр нь “энэ номын эхийг бэлдэх явцдаа дараагийн тэмдэглэлд юу байгаа бол гэж амтархан уншиж байлаа. Аавын бичиж үлдээсэн аян замын бүх тэмдэглэлийг судлах тусам их сонирхолтой байсан. Энэ номын эх бэлтгэлийг би 5 жилийн турш холбогдох материалыг судлан бэлтгэсэн. Мөнгө, санхүүгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан эхний хоёр ботийг хар, цагаанаар хэвлүүлсэн. Дараагийн ботиудыг хэвлүүлэхэд санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байгаа” гэж номын баярын үеэрээ хэллээ.

“Аав маань Монгол Улсад биеийн тамир спорт, олимпизмийн үзэл санааг сурталчлан дэлгэрүүлэх, спортын анагаах ухааныг цэцэглүүлэн хөгжүүлэх ариун үйлст өөрийн ухамсарт амьдралаа 1964 оноос эхлэн зориулсан юм. Монгол улсын шигшээ баг, тамирчдыг тив, дэлхий, олимпийн их наадмуудад амжилттай оролцуулахад жинтэй хувь нэмрээ оруулсан самбо, жүдо, сонгомол болон чөлөөт бөхийн барилдааны шигшээ багийн эмч, хэлмэрч, сурвалжлагч, олон улсын сэтгүүлч хүн байлаа. Мөн шатар, байт сур, гүйлт, уулын спортын мастер, нэртэй явган аялагч байсан юм. Аав маань орос, англи, франц хэлийг бие даан сурсан, их хөдөлмөрч хүн байсан” хэмээн түүний охин Оюунгэрэл нь дурсан ярилаа.

4
Зураг 4. Хүүхэд залуучуудын танин мэдэхүйн “Аян замын тэмдэглэл” таван цувралын эхний 1 болон 2 дугаар боть ном, Интерном, 2013 оны 02 дугаар сарын 6

“Эдгээр ном нь хүүхэд залуучуудад хүмүүжлийн маш их ач холбогдолтой болжээ. Дэлхийн бөмбөрцгийн хаана нь юу байдаг, явган аяллаар явахад ямар хүндрэл бэрхшээл тохиолдож байсан, хөдөлгөөн хүний амьдралд хэр чухал гэх мэт олон талын мэдлэг олгоход тустай ном болсон” гэж Спортын анагаах ухааны албаны их эмч Бат-Очир ярилаа.