mn GB
Mobile menu

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН "УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨЛГӨӨН 2014" ДЭЭР ГЕГ-ЫН ДАРГА О.ГАНБАТ ДАРГЫН ХЭЛСЭН ҮГ.

1403110001


ГААЛИЙН ШИНЭТГЭЛИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛУУД

            Төр засгийн өмнө гаалийн байгууллагын хүлээсэн үүргийг хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээлүүд, бидний үйл ажиллагаандаа алдсан боломжууд, гаалийн шинэтгэлийн үйлсэд тулгамдаж буй асуудлуудын талаар хувийн санал бодлоо илэрхийлье.


            Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг дэмжих гэсэн стратегийн зорилтыг хууль ёсны худалдааг хөнгөвчилж, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх замаар бараа болон мөнгөний эргэлтийг түргэтгэн, иргэд, аж ахуйн нэгжийн ашиг орлогыг нэмэгдүүлснээр хангах юм. Энэ үүднээс гадаад худалдаанд зарцуулах цаг хугацаа, зардлыг багасгах зорилгоор гаалийн хяналтад шаардагдах бичиг баримтын тоог 2 дахин цөөлсөн гэх боловч агуулгын хувьд цөөрөөгүй төдийгүй бодит амьдрал дээр гаальчид хуульд заагаагүй бичиг баримтууд шаардаад байна гэсэн шүүмжлэл тасрахгүй байна. Манай бизнесменүүдийн хууль сахилтын түвшин доогуур, гаалийн хуулийн мэдлэг дутмаг байгаа энэ үед гаальчид бид тэдэнд итгэл бүрэн үзүүлэхгүй, хуучин арга барилаасаа зоримог салж чадахгүй байгаа явдал нөлөөлдөг ч үнэхээр шаардлагагүй цаас нэхэж, хүнд суртал гаргах тохиолдол гарсаар байна.


            Нөгөө талаар, гаалийн хяналтад эрсдэлийн удирдлагыг нэвтрүүлэх ажил мөн л харилцан итгэлцэл дээр суурилах учиртай. Гаалийн байгууллага нь улсын төсвийн орлого бүрдүүлэгч байгууллагын хувьд энэ асуудалд туйлын болгоомжтой хандаж ирсэнийг ногоон төлөвөөр буюу биет үзлэг болон бичиг баримтын шалгалтаас чөлөөлөгдсөн бүрдүүлэлт 5,8 хувьтай байгаа байдал гэрчилж байна. Энэ янзаар эрсдэлийн удирдлагыг нэвтрүүлэхгүй болох нь тодорхой бөгөөд эрс, зоримог алхам хийж зорилгодоо хүрэхийг цаг үе биднээс шаардаж байгаа юм.


            Хууль ёсны худалдааг хөнгөвчилж, гаалийн хяналтад эрсдэлийн удирдлагыг нэвтрүүлэхийн эсрэг талд гаалийн хяналт, шалгалтын арга технологийг өөрчилж, улсын төсвийн орлого төвлөрүүлэх ажлыг тасалдуулахгүй байх явдал билээ. Олон орны гаалийн практикт үүнийг бүрдүүлэлтийн дараах шалгалтын оновчтой хэлбэрийг ашиглах замаар шийдвэрлэсэн байна.
 
            Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газраас 2013 онд  хийсэн шалгалтын тоо 39 нэгжээр нэмэгдэж, улсын төсөвт төвлөрүүлсэн мөнгөний дүн 2,2 тэрбум төгрөгөөр өссөн. Иймд стратегийн зорилтоо хэрэгжүүлнэ гэвэл энэ нэгжийн бүтэц, зохион байгуулалт, орон тоо, хамрах хүрээг зохих хэмжээнд хүргэн өөрчлөх зайлшгүй шаардлага тулгарч байна.


Төсвийн орлогын төлөвлөгөөг бүрэн ханган биелүүлэхийн тулд бүрдүүлэлтийн явцад жилийн турш жигд хяналт тавих ёстой. Энэ тал дээр бид өнгөрсөн онд бүрэн дүүрэн ажилласан гэж хэлж чадахгүй. Эдийн засгийн, удирдлагын, зохион байгуулалтын гэх мэт олон жижиг нөлөөлөл байсныг үгүйсгэхгүй ч энэ жил алдаа дутагдлаа давтах эрх байхгүй гэдгийг хүн бүр хатуу ойлгож байгаа гэдэгт итгэлтэй байна.
Төсвийн орлогын бүрдүүлэлтэд сөргөөр нөлөөлдөг бас нэг хүчин зүйл бол худалдааны луйвар билээ. Энэ нь нэг талаас, зарим иргэд, бизнесийн байгууллагынхны аль болох бага татвар төлөх, татвараас зайлсхийх, хууль бус наймаа эрхлэх замаар ашиг, орлогоо нэмэгдүүлэх гэсэн тогтсон сэтгэлгээнээсээ салж чадахгүй хээл хахуульд турхирах, хууль зөрчих явдал арилахгүй байгаатай, нөгөө талаас, ажил албаа бизнес болгон ашиглах замаар хөнгөн аргаар амьдрах гэсэн хоцрогдсон сэтгэлгээтэй цөөн тооны гаалийн ажилтнуудын бусармаг үйлдэлтэй холбоотой байдаг. Иймд гаалийн бүх шатны байгууллагын зүгээс гаальчид, иргэд, гадаад худалдааны бусад оролцогчдын сэтгэлгээний хандлагыг өөрчлөхөд чиглэсэн арга хэмжээнүүдийг хангалттай зохион байгуулж, худалдааны луйварт оролцогчид, ажлын хариуцлага алдагсад, хууль тогтоомж зөрчигчидтэй хатуу тэмцэх хэрэгтэй байна.


Гаалийн тарифыг ялгавартай болгож, Засгийн газрын бодлогын баримт бичгүүдэд  заасны дагуу дунджаар 20 хувьд хүргэх талаар санаачлагатай ажиллах шаардлага тулгарч байгааг дурдах нь зүйтэй гэж бодож байна.


Гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, хяналт шалгалтыг зохих түвшинд хүргэхэд, юуны түрүүнд, хууль эрхзүйн орчноо өнөөгийн шаардлагад нийцүүлэн шинэчлэх хэрэгтэй юм. Тиймээс "Гаалийн тухай", "Гаалийн тариф, гаалийн татварын тухай" хуулиудын шинэчилсэн найруулга, нэмэлт, өөрчлөлтийг даруй дуусган боловсруулж, өргөн барих ажлыг энэ 2 дугаар сард багтаан хийх болно. Шинэ хуулиудтай холбогдон гарах дүрэм, журмыг боловсруулах ажлыг цаг алдалгүй эхлүүлэх нь зүйтэй.
Монголын гаалийн хяналтаас гадуур улсын хилээр нэвтэрч буй хориглосон ба хязгаарласан барааны урсгал багасахгүй байгааг эрүүгийн шинжтэй хэрэг, зөрчлийн тоо нэмэгдсэн байдал, хууль, хяналтын бусад байгууллагуудтай хамтран ажилласан дүн харуулж байна. Үүнийг багасгах, таслан зогсооход хүний хүчин зүйлийн зэрэгцээ орчин үеийн хяналтын тоног төхөөрөмжөөр хангах явдал онцгой үүрэгтэй юм. Шинэ тоиог төхөөрөмж авах эх үүсвэрийг гагцхүү улсын төсвийн хөрөнгө оруулалтыг харах бус, олон улсын санхүүгийн болон хандивын байгууллагууд, Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн замаар бий болгох  асуудлыг үйгагүй судалж, ажил хэрэг болгоход онцгой анхаарна.
Өнгөрсөн онд гаалийн хяналтад эрэлч нохойн ашиглалт хангалтгүй байсан гэж дүгнэж байна. Гаалийн хөдөлгөөнт хяналтын албыг бэхжүүлж, ажил, сургалтынх нь нөхцлийг сайжруулж, нэр хүнд, үр өгөөжийг нь дээшлүүлэх шат дараатай арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа.
Гаалийн хяналтыг сайжруулах нэг чухал арга хэрэгсэл бол гадаад худалдаанд зонхилох байр эзэлдэг орнуудын ижил төстэй байгууллагатай өрнүүлэх хамтын ажиллагаа билээ. Бид, ялангуяа, урд, хойд хөрш орнуудын гаалийн байгууллагатай нягт хамтран ажиллах хэрэгцээ амьдралаас урган гарч байдаг тул ширээний ард суун тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэхийг ойрын үеийн зорилт болгон дэвшүүлж байна.
            Дээрх хоёр стратегийн зорилтыг оновчтой бүтэцтэй, зөв удирдлага, зохион байгуулалттай, өндөр чадавхи бүхий байгууллагатай байж ханган биелүүлэх боломжтой. Тиймээс гаалийн байгууллагын бүтцийг эдийн засгийн үр өгөөж, газарзүйн байршил, санхүү, хүний нөөцийн боломж зэрэг талаас нь эргэн харж, шаардлагатай өөрчлөлтийг хийх нь зүйтэй.


            Удирдлагын арга барил, үйл ажиллагааны зарчим, төсвийн сахилга, гаальчдын нийгмийн баталгаатай холбоотойгоор авч хэрэгжүүлсэн эхлэлүүдийг бүх шатны гаалийн байгууллагад улам бүр бататган ажиллах болно.


            Томилгооны шударга бус зарчмыг боломжит хэмжээнд халж, гаальчдыг сэлгэн ажиллуулах тухай хуулийн заалтыг тууштай хэрэгжүүлснээр авилга, ашиг сонирхлын зөрчилд өртөх явдлыг эрс багасгана.


            Эцэст нь хэлэхэд, өнгөрсөн жилийн удирдах ажилтны зөвлөлгөөнөөс дэвшүүлсэн "гаальчдын сэтгэлгээн дэх өргөсөн тангарагтаа үнэнч ажиллаж, амьдрах хандлагыг бэхжүүлье" гэсэн уриа тодорхой үр дүнгээ өгсөн гэж баттай дүгнээд, ач холбогдлоо хэзээ ч алдахгүй гэдгийг нь бататган тунхаглаад, гаальчдын сургалт, давтан сургалтын бүхий л арга хэрэгслүүдийг үүнд чиглүүлэн ажиллахыг хүсэх байна.
 
БАЯРЛАЛАА.