mn GB
Mobile menu

ДГБ-ЫН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ХОРООНЫ 11 ДҮГЭЭР ХУРАЛДААН: МАРГААШИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ӨНӨӨДРИЙГ ӨӨРЧЛӨЛТ, УДИРДЛАГА

11

ДГБ-ын Чадавхыг бэхжүүлэх хорооны ээлжит 11 дүгээр хуралдаан 2020 оны 3 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд Бельгийн Вант Улсын Брюссель хотноо байрлах ДГБ-ын байранд “Маргаашийн тогтвортой хөгжлийн төлөө өнөөдрийг өөрчилж, удирд” уриан дор амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн хуралдааны эхний өдөр “ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах ДГБ-ын ажлын хэсэг”-ийн 12 дугаар хуралдаантай хамтдаа зохион байгуулагдсанаар онцлог байлаа. Хуралдаанд ДГБ-ын гишүүн орон, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллага, бусад харилцагчид оролцов. Нээлтийн үеэр онцолсон асуудал:

1.         ДГБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Доктор Кунио Микурияа “ДГБ 2020 онд “Гаалийн байгууллага Хүн ам, хөгжил цэцэглэлт, байгаль дэлхийн тогтвортой байдлыг хангахын төлөө” (Customs fostering Sustainability for People, Prosperity and the Planet)” ажиллахад Гишүүн орнууд, бидэнтэй хамтран ажилладаг гаалийн харилцаанд оролцогчдын хамтын ажиллагаа, чадавхыг бэхжүүлэх асуудалд чухал юм. Чадавхыг бэхжүүлэх хорооны 2020 оны уриа нь НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” баримт бичгийн хэрэгжилттэй шууд уялдана. Эдгээрт ДГБ-ын Чуулган, Бодлогын хорооноос гаргасан гол шийдвэрүүд болох байгууллагын гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг нэмэгдүүлэх, хүйсийн тэнцвэрт, эрх тэгш байдал, бүс нутгийн интеграци, ил тод байдлыг хангахад Гаалийн байгууллагын өөрчлөлт, шинэчлэл эерэг үр дүнг авч ирэх болно хэмээв.        

Иймд ДГБ-аас Гишүүн орнуудад зориулан гаргасан нөөцийн үр дүнтэй хуваарилалт хийх арга хэрэгсэл, түүний дотор нийтлэг стандарт, заавар нь худалдааг хөнгөвчлөхөд дэмжлэг болно. Ялангуяа худалдааг хөнгөвчлөх арга хэмжээнээс нэг цонхны систем, барааны урьдчилсан шийдвэр (барааны ангилал, гарал үүслийн дүрэм, гаалийн үнэлгээ гм.) болон бусад иж бүрэн чадавхыг бэхжүүлэхэд ДГБ-ын Меркатор хөтөлбөрийн дэмжлэг болж байна”;

2.         ДГБ-ын Чуулганы дэд дарга Ботсваны Гааль, онцгой татварын байгууллагын дарга Филисо Подисо “Глобалчлал, гадаад худалдааны өсөн нэмэгдэх урсгалын хэрэгцээ шаардлагаас улбаалан гаалийн байгууллага өөрийн орны Засгийн газрын стратеги, бодлого, чиглэлийг хэрэгжүүлэхэд гол үүрэгтэй оролцохоос гадна, олон улсын түвшний хөгжилд хувь нэмрээ оруулах боллоо”;

3.         ДГБ-ын Худалдааг хөнгөвчлөх ажлын хэсгийн дарга ДХБ-д Афганистан Улсаас суух Элчин сайд Ноён Мохамед Корбан “ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилтийн түвшин ДГБ-ын Гишүүн орнууд, ялангуяа хөгжиж буй болон буурай хөгжилтэй орны гаалийн байгууллагуудын хувьд дээшилсэн нь ДХБ-д эдгээр орнуудаас ирүүлсэн Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн мэдэгдлээс харагдаж байна. Ялангуяа хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх техникийн туслалцааг хууль эрх зүй, сургалтын чиглэлээр ДХБ-аас хөгжиж буй болон буурай хөгжилтэй орны гаалийн байгууллагуудад хэрэгцээнд суурилан Олон улсын худалдааны төвтэй хамтран үзүүлсний үр дүн.” хэмээв.

Хуралдаан “ДГБ-ын Чадавхыг бэхжүүлэх стратеги, хэрэгжилтийн төлөвлөгөө; Чадавхыг бэхжүүлэх дэмжлэг болох гол арга хэрэгслийн хөгжүүлэлт; Технологи, мэдээллийн дүн шинжилгээ; Мэргэшсэн экспертийн чадавхыг бэхжүүлэхэд үзүүлэх оролцоо; Жижиг арлын эдийн засаг; Байгууллагын гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт; ДГБ-ын шинэ “Гаалийн шинэчлэл өөрчлөлт-Төсөл, санаачилгын мониторинг хийх” (Reform and Modernization – Monitoring Activities and Projects) RAM-MAP системийн хөгжил; Чадавхыг бэхжүүлэх чиглэлээр ДГБ-аас хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлэх арга хэмжээ; болон бусад асуудал”-ын хүрээнд оролцогчид харилцан туршлагаа хуваалцаж, бодлого, чиглэлээ тодорхойлсон. Мөн хуралдаанаар “Хүйсийн тэнцвэрт болон эрх тэгш байдлын Гаалийн тунхаглал”-ыг эцэслэн ДГБ-ын Чуулганд танилцуулахаар шийдвэрлэжээ.

ДГБ-ын Чадавхыг бэхжүүлэх газраас хорооны хуралдаанд чадавхыг бэхжүүлэх чиглэлээр өөрсдийн тэргүүн туршлага, хэрэгжүүлсэн дэвшилтэт ажлаа танилцуулсан Доминиканы БНУ, Малави, Саудын Араб, Того, Замбиа, Гвуатимала, Шведийн Олон улсын хөгжлийн Агентлаг, Африкийн нийгэмлэг, болон бусад байгууллагад талархал илэрхийлсэн байна.

(Дэлгэрэнгүй мэдээллийг This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. цахим хаягаар холбогдон авна уу.)

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС