mn GB
Mobile menu

ТИТЭМ ВИРУС: ХҮНИЙ ЭРХИЙГ НЭН ТЭРГҮҮНД ТАВИХ ЁСТОЙ ХЭМЭЭН МИШЕЛЬ БАЧЕЛЕТ МЭДЭГДЭВ

michelle-bachelet2

НҮБ-ын Хүний Эрхийн Дээд Комиссар, хатагтай Мишель Бачелет

Хүний эрхийн асуудлаарх НҮБ-ын зөвлөлийн 43 дугаар (2020.02.24-03.13-ны өдрүүдэд Женев хотноо болсон) чуулганы үеэр НҮБ-ын Хүний Эрхийн Дээд Комиссар, хатагтай Мишель Бачелетын хэлсэн үгийг орчуулан хүргэж байна.

Засгийн газрууд титэм вирус буюу КОВИД-19-ийн тархалтыг сааруулах арга хэмжээ авахдаа хүмүүсийн амьдралд сөргөөр нөлөөлж болзошгүй үр нөлөөг багасгах нэмэлт арга хэмжээг авах нь чухал ач холбогдолтой юм.

КОВИД-19-тэй тэмцэхэд бүхий л төрлийн арга хэмжээ авах шаардлагатай болохыг эмч хүний хувьд ойлгож байна. Хэцүү шийдвэр гаргах хэрэгтэй болсон үед жанжин шугамаа барьсан шийдвэр гаргах нь хэцүү байдгийг төрийн тэргүүн байсны хувьд мэднэ. Гэвч бид энэ асуудалд цогцоор хандах хэрэгтэй, ингэхдээ нийгэм дэх хамгийн эмзэг, өртөмтгий, орхигдсон хүмүүсийг, тухайлбал орлого багатай хүмүүс, алслагдсан орон нутагт амьдарч буй иргэд, архаг хууч өвчтэй хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон ганцаараа эсвэл аливаа асрамжийн газарт буй өндөр настнуудад эрүүл мэндийн болон эдийн засгийн дэмжлэг үзүүлэхгүй бол энэ вирусын эсрэг тэмцэж байгаа бидний оролдлого, хүчин чармайлт талаар болох юм.

КОВИД-19-ийн тархалтыг таслан зогсоох, түүнтэй тэмцэхэд хөдөлгөөнийг хязгаарлах, хөл хорих тогтоох болон бусад ийм төрлийн арга хэмжээг авахдаа хүний эрхийн стандартыг ягштал баримтлах ёстой бөгөөд энэ нь үнэлж тогтоосон эрсдэлийн түвшинд нийцсэн байх ёстой юм. Гэсэн ч дээрх арга хэмжээ нь хүмүүсийн амьдралд онц сөрөг нөлөө үзүүлж болзошгүйг анхаарах хэрэгтэй.

Сургуулиудыг хаах шаардлагатай гэж эрх бүхий байгууллага үзэж болох ч үүнээс шалтгаалан эцэг эхчүүд гэртээ хүүхдээ харж, ажлаа хийх боломжгүйд хүрнэ. Энэхүү арга хэмжээ нь эмэгтэйчүүдэд илүү сөргөөр нөлөөлж болзошгүй байна.

“Өөрийгөө тусгаарлах”-ын тулд ажлаа хийхгүй байх, улмаар цалингаа эсвэл ажлаа алдахад хүргэх зэрэг хүний амьжиргаагаа залгуулахад янз бүрийн сөрөг үр дагаврыг бий болгох эрсдэлийг дагуулж болно. Дэгдэлтийн эсрэг авч буй үйл ажиллагааны улмаас архаг хууч өвчтэй, ноцтой эрүүл мэндийн шалтгаантай хүмүүст үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ удааширч магадгүй юм.

Худалдаа, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг тасалдуулах нь ялангуяа жижиг, дунд үйлдвэрийн бизнес эрхлэгчид болон тус салбарт ажиллаж буй хүмүүст ихээхэн сөрөг нөлөө үзүүлнэ.

Энэхүү вирусын дэгдэлтийг сааруулахад чиглэсэн арга хэмжээ нь эдийн засгийн хувьд арай ядан амьжиргаагаа залгуулж буй хүмүүсийн хувьд илүү хүнд цохилт үзүүлж болзошгүй юм. Титэм вирусын эсрэг чиглэлсэн арга хэмжээ нь урьдчилан тооцоолоогүй үр дагавар бий болгоход, үүнд мөн төр засгийн зүгээс хариу арга хэмжээ авах бэлтгэлтэй байх хэрэгтэй юм. Бизнесийн байгууллагууд ч мөн адил ажилтнууддаа уян хатан нөхцөлөөр дэмжих замаар энэ асуудалд үүрэг оролцоотой байх хэрэгтэй.

Зарим засгийн газар болон олон улсын байгууллага иргэдийн эдийн засаг, нийгмийн эрхэд үзүүлж буй нөлөөг багасгах арга хэмжээ авч буйг талархан хүлээн авч байна.

Бид бүгд урьд нь учирч байгаагүй сорилттой тулгарч байгаагийн хувьд улс орнуудыг вирусын тархалтыг зогсооход авч буй арга хэмжээ, КОВИД-19-ээс үүдэлтэй нийгэм-эдийн засгийн сөрөг үр нөлөөг багасгахад чиглэсэн сайн туршлагаа хуваалцах арга замыг бий болгохыг уриалж байна. Олон улсын эв санааны нэгдэл, хамтын ажиллагаа нь бидэнд юу юунаас илүү их хэрэгтэй байна. Хөрөнгө нөөцийг нийгмийн хамгаалалд зарцуулах нь зайлшгүй бөгөөд ингэснээр урт удаан үргэлжилж болзошгүй хямралд хүмүүс эдийн засгийн хувьд амь зуух боломжтой болох юм.

КОВИД-19 нь нийгэмд том сорилт, шалгалт болж, вирусын эсрэг хариу арга хэмжээ авах явцад бид суралцаж, нөхцөл байдалдаа дасан зохицож байна.

Хүний эрхийг дээрх хүчин чармайлтын ард нь биш, хамгийн эхэнд нь тавих ёстой билээ.

Вирусын тархалттай үр дүнтэй тэмцэх гэдэг нь төлбөрийн чадваргүй байх, эсхүл дарамт дайралт зэргийг үл харгалзан хүн бүр эмчилгээ, үйлчилгээнд хамрагдах боломж, бололцоог нь хангахыг хэлнэ.

Холбогдох бүх мэдээллийг хүн бүрт ямар ч саадгүй хүргэх, тусгай шаардлага хэрэгцээ бүхий хүмүүст тэр тусмаа, хүүхэд, харааны болон сонсголын бэрхшээлтэй хүмүүс, бичиг үсгийн тайлагдалт хязгаарлагдмал, эсхүл бичиг үсэггүй хүмүүст зориулан хялбар, ойлгогдох үг хэллэг ашиглан мэдээллийг хүргэхэд Засгийн газраас анхаарах хэрэгтэй.

Нээлттэй, ил тод байх нь ялангуяа эрх бүхий байгууллагуудад итгэл алдарсан үед нийт хүн амын эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн арга хэмжээнд хүмүүсийг оролцохыг уриалж, тэднийг мэдлэгжүүлэх гол зарчим юм. Мөн ил тод байснаар нийгэм дэх айдас түгшүүр, нэгнээ алагчлах явдлыг улам нэмэгдүүлэх хор хөнөөл бүхий хуурамч, ташаа мэдээлэлтэй тэмцэхэд чухал юм.

Түүнчлэн КОВИД-19 гарсан улс орнуудын төр, засгаас гадаадын иргэдийг үзэн ядах үзэл, эсвэл хэн нэгнийг шившиглэж гутаан доромжлох үзлээс үүдэлтэй аливаа хэрэг зөрчлийг шийдвэрлэхэд шаардагдах бүхий л арга хэмжээ авахыг уриалж байна.

Орчуулсан ГХАХ-ийн ГУАБ Д.Цэндсүрэн

/ГЕГ-ын цахим шууданд 2020.03.31-ний өдөр ирсэн мэдээлэл/