mn GB
Mobile menu

Р.В.ДАВЫДОВ: ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ИМПОРТ ОГЦОМ ӨСӨВ

5e98a139ae5ac940a37c2dbb

Оросын гаалийн байгууллага COVID-19 цар тахлын үед хэрхэн ажиллаж байгаа талаар ОХУ-ын Холбооны гаалийн албаны Нэгдүгээр орлогч дарга Р.В.Давыдовын Оросын “RTтелевизэд өгсөн ярилцлагаас:

Асуулт: Оросын гаалийн байгууллага COVID-19 цар тахлын үед хэрхэн ажиллаж байна? Танай үйл ажиллагаанд ямар нэгэн зарчмын өөрчлөлт гарсан уу?

Р.Д: Оросын гаалийн байгууллага COVID-19 цар тахлын үед ердийн журмаараа ажиллаж байна, мэдээж хэрэг үүссэн энэ онцгой нөхцөл байдалд гаалийн байцаагч нарыг нэг бүрийн хамгаалах хэрэгслээр хангахыг чухалчлан үзэж байна. Ялангуяа хилийн боомтод “тээврийн хэрэгслийн жолооч нартай” өдөр тутам нүүр тулж байгаа гаальчдыг эхний ээлжинд анхаарч байгаа.

Үүний тулд шаардлагатай хамгаалах хэрэгслийн нөөцийг хангалттай хэмжээнд бүрдүүлсэн. Гаалийн ажилтнуудыг амны хаалт, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, ариутгалын бодисоор хангаж байгаа төдийгүй коронавирусын халдвар авсан эсэхийг тогтоох шинжилгээнд тогтмол хамруулж байна. Түүнчлэн урьдчилан сэргийлэх болон хамгаалах арга хэмжээнүүд авч ажиллаж байна.

Асуулт: Тодруулбал, ямар арга хэмжээ авч ажиллаж байна?

Р.Д.: Ажилдаа ирэх ажилтнуудын тоог цөрүүлсэн. Тухайлбал, удирдах төв байгууллагад ажиллаж байгаа ажилтнуудын 30-35% нь ажлын байрандаа ирж ажиллаж байна. Зарим хэсэг нь гэрээсээ ажиллаж байна, зарим ажилтнууд ээлжийн амралттай байгаа. Хилийн боомтуудын хувьд бол агаарын боомтоор нэвтрэх зорчигчийн тоо эрс буурсан учраас ажилтнуудад ээлжийн амралт эдлүүлэх, эсхүл амралтын горимд шилжүүлсэн.

            Ачаа бараатай ажилладаг, гаалийн бүрдүүлэлтийн гаалийн байцаагч нарын хувьд ээлжээр ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээ авсан. Өөрөөр хэлбэл, “нөөцөд” хангалттай ажилтнуудыг бэлдсэн гэсэн үг. Аль нэг ажлын байранд байцаагч өвчилсөн тохиолдолд хамт ажиллаж байгаа ээлжийнхнийг тусгаарлалтад авч шинжилгээнд хамруулж, нөөцийн ээлжийнхэн ажилд гарна. Өвчлөл өсөх хандлагатай болох үед шуурхай штабыг ОХУ-ын Холбооны гаалийн албанд болон бүс нутгийн гаалийн байгууллагуудад байгуулан ажиллаж байна.

Асуулт: Коронавирусын улмаас ОХУ-ын Холбооны гаалийн албаны ажлын ачаалал нэмэгдсэн үү? Танай байгууллагад ямар чиг үүрэг шинээр нэмэгдэв?

Р.Д.: ОХУ-ын Засгийн газрын дарга Михаил Мишустины баталсан эхний ээлжинд авч хэрэгжүүлэх арга хэмжээний жагсаалтад гаалийн байгууллагаас хариуцан хийх хэд хэдэн ажил байгаа. Юуны түрүүнд, нэн тэргүүний хэрэгцээт барааг “ногоон коридор”-оор нэвтрүүлэх ажил байгаа. ОХУ-ын Аж үйлдвэрийн яамнаас 58 нэр төрлийн нэн тэргүүний хэрэгцээт барааны жагсаалт баталсан бөгөөд үүнээс 31 нь хүнсний бараа бүтээгдэхүүн, бусад 27 нэр төрлийн бараа нь нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, ариун цэврийн бараа, ариутгалын бодис байгаа. Эдгээр нэр төрлийн бараанд оочер дараалалгүй гаалийн бүрдүүлэлт хийх ажлыг зохион байгуулсан. Тус бараанд хийх гаалийн бүрдүүлэлтийг саатуулж, удаашруулж болзошгүй аливаа хүчин зүйлийг урьдчилан тооцож арилгасан бөгөөд бүрдүүлэлтийг дунджаар 1-ээс 2 цагт багтаан хийж байгаа.

            Үүнээс гадна манай байгууллага жилийн төлөвлөгөөнд заасан ажлуудаа амжилттай хэрэгжүүлж байна. Тухайлбал, ОХУ-ын Холбооны гаалийн албыг иж бүрэн хөгжүүлэх 2020 оны хөтөлбөрийн дагуу системийн хэмжээнд хийгдэж байгаа гаалийн бүрдүүлэлтийг цахим бүрдүүлэлтийн 16 төвд нэгтгэн төвлөрүүлэх ажлыг төлөвлөгөөнд заасны дагуу 2020 онд хийж дуусгана.

Асуулт: Коронавирусын цар тахлын улмаас үүссэн нөхцөл байдал гадаад худалдааны эргэлтэд хэрхэн нөлөөлж байна?

Р.Д.: Сүүлийн хоёр долоо хоногт худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаа болон барааны эргэлтийн хэмжээ буурсан чиг хандлага ажиглагдаж байгаа хэдий ч барааны эргэлт экспорт талдаа ч, импорт талдаа ч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ойролцоо түвшинд байна. ОХУ-ын Холбооны гаалийн алба энэ жил 5,5 их наяд руб. улсын төсөвт төвлөрүүлэхээс оны эхнээс өнөөдрийг хүртэлх хугацаанд 1,3 их наяд руб. улсын төсөвт төвлөрүүлээд байна.

Энэ оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 8-ны өдрийн хооронд 6,6 тэрбум ам.долл. үнийн дүнтэй 4,5 сая тн. хүнсний бараа бүтээгдэхүүн улсын хилээр импортлосон бол өнгөрсөн оны мөн хугацаанд 6,6 тэрбум ам.долл. үнийн дүнтэй 4,7 сая тн. хүнсний бараа бүтээгдэхүүн импортлосон байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн импорт нэг долоо хоног дотор 1,2-2,2 дахин өсч байгаа нь сүүлийн үед эм, эмнэлгийн хэрэгслийн импорт огцом өсч байгааг харуулж байна. Эдгээр бараа бүтээгдэхүүний холбогдох хэсгийг ОХУ-ын Аж үйлдвэрийн яамны гэрээт захиалгатай бараа бүтээгдэхүүн эзэлж байна. Тухайлбал, 4-р сарын эхэнд 30 сая орчим амны хаалт импортложээ.

Асуулт: Хориглосон барааг улсын хилээр оруулах, гаргахыг завдсан зөрчлийн тоо нэмэгдсэн үү?

Р.Д.: Зарим нэр төрлийн барааг түргэвчилсэн бүрдүүлэлтээр хилээр нэвтрүүлж байгаа бол түүнтэй ижил буюу төстэй нэр төрлийн барааг ОХУ-ын Засгийн газрын 223 дугаар тогтоол болон Евразийн эдийн засгийн комиссын шийдвэрээр улсын хилээр гаргахыг хориглож байгаа. Үүнд хүнсний бараа бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгсэл, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл хамаарна. Эдгээр нэр төрлийн барааг хилээр гаргахыг завдсан тохиолдлууд гарсаар байгаа. Өнөөдрийн байдлаар 3,8 сая ширхэг бараа саатуулаад байна. Түүнчлэн олон улсын нисэх онгоцны буудалд хагас тонн жинтэй “амны хаалт” хилээр гаргах гэж байсныг саатуулсан.

Ихэнх хүмүүс үүссэн нөхцөл байдлыг ухамсарлан, хүлээж авч байгаа болохоор коронавирустэй холбоотой гаалийн хууль тогтоомжийн зөрчил огцом өссөн байдал одоогоор ажиглагдахгүй байна.

ОХУ-ын Холбооны гаалийн албаны сайтаас ГЕГ-ын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн ГУАБ Ц.Баярмаа орчуулав.