Монгол Улсад шинэ үеийн гаалийн алба үүсэн байгуулагдсаны 111 жилийн ой, гаалийн ажилтны өдрийн тэмдэглэлт баяр өнөөдөр (2023.10.20) тохиож байна. Энэ хүрээнд Гаалийн байгууллагад ажил хөдөлмөрөөрөө манлайлсан алба хаагчдыг шагнах, цол олгох ёслолын ажиллагаа ГЕГ-ын ёслол хүндэтгэлийн танхимд боллоо.
Ёслолын ажиллагааг нээж ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал хэлсэн үгэндээ “Монголын Гаалийн алба дэлхийн 184 орныг эгнээндээ нэгтгэсэн Дэлхийн Гаалийн Байгууллага (ДГБ)-ын бүрэн эрхт гишүүний хувьд зуун дамнасан түүхээ эргэн дурсаж, эх орныхоо хөгжил, цэцэглэлтэд оруулсан хувь нэмрээ нэгтгэн дүгнэж, ирээдүй зорилгоо тодорхойлж байна. Монголын гаалийн алба үүсэн байгуулагдсан цагаас эхлэн түүхийн бүхий л цаг хугацаанд Монгол Улсын үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж ирсэн үе үеийн гаальчдаараа бахархаж байна. Эрхэм хүндэт гаальчид та бүхний гэр бүлд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье” гэсэн юм.
Өнөөдөр Гаалийн байгууллагын албан хаагчдын хөдөлмөр зүтгэлийг үнэлж, Сангийн сайдын тушаалаар 43 албан хаагчийг, Гаалийн албаны тэргүүний ажилтан, Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан, Жуух бичгээр шагнасан бол, Гаалийн байгууллагын шагнал болох Хүндэт гаальчин, Гаалийн итгэмжит зөвлөх, Гаалийн зөвлөх, Жуух бичгээр нийт 35 албан хаагчийг тус тус шагналаа.
Шагналыг Гаалийн Ерөнхий газрын дарга, бригадын генерал Р.Отгонжаргал, дэд дарга Г.Энхтайван, Захиргааны удирдлагын газрын дарга Б.Хосбаяр нар гардуулан өгч ажил хөдөлмөрөөрөө манлайлж ажилласан гаальчдадаа баяр хүргэж, ажлын амжилт хүсэн мэндчилгээ дэвшүүллээ.