mn GB
Mobile menu

ОХУ-ЫН ХОЛБООНЫ ГААЛИЙН АЛБА 2021 ОНД УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛСЭН 6,2 ТН. МАНСУУРУУЛАХ БОДИС ИЛРҮҮЛЭВ

ru

ОХУ-ын Холбооны гаалийн албаны нэн тэргүүний зорилт бол хар тамхи, мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, түүний угтвар бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхтэй тэмцэх, түүнийг таслан зогсоох явдал юм.

Оросын гаалийн байгууллага 2020 онд улсын хилээр мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлсэн 1596 удаагийн үйлдэл илрүүлж, нийт 9,18 тн. барааг улсын орлого болгож, эрүүгийн 537 гэмт хэрэг үүсгэн шалгасан бөгөөд 680 сая руб. үнийн дүнтэй бараа хураан авсан.

Энэ ажлыг 2021 онд үргэлжлүүлэн хийж, эхний 5 сарын байдлаар 656 удаагийн хууль бус үйлдэл илрүүлж, нийт 6,2 тн. барааг улсын орлого болгов.

Гаалийн байгууллагын ашиглаж байгаа орчин үеийн техник, тоног төхөөрөмж нь хар тамхи, мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлийг илрүүлэхэд тулгардаг хүндрэлтэй олон асуудлыг рентген тоног төхөөрөмжийн болон хяналтын бусад төхөөрөмжийн тусламжтайгаар амжилттай шийдвэрлэхэд чухал дэмжлэг болж байгаа төдийгүй барааны баглаа боодол, эсхүл “нуувч”-ийг онгойлгож задлахгүйгээр түүнд мансууруулах бодис байгаа эсэхийг, хэрэв байгаа бол түүний нэр төрлийг алсын зайны багаж хэрэгслийн тусламжтайгаар тогтоох боломжтой юм.

Энэ оны байдлаар ОХУ-ын Холбооны гаалийн алба, ОХУ-ын Аюулгүй байдлын холбооны алба болон ОХУ-ын Дотоод явдлын яамны тусгай чиг үүрэг бүхий хууль хяналтын байгууллагууд Кыргыз Улсын Үндэсний аюулгүй байдлын улсын хороотой хамтран Евразийн эдийн засгийн холбооны нутаг дэвсгэрээр дамжин “Алтан хавирган сар” бүс нутгийн орнууд (Афганистан, Иран, Пакистан)-аас Баруун Европ руу хууль бусаар “героин” бодисыг транзитаар тээвэрлэдэг байсан сувгийг таслан зогсоох зорилгоор тусгай ажиллагааг удаа дараа амжилттай зохион байгуулсан.

tamozh

Хамтарсан тусгай ажиллагааны үр дүнд, ачилт бүр нь 200 кг-аар савласан “героин” бодисыг Нидерландын Вант Улсад хууль бусаар тээвэрлэхээр бэлтгэж байсан олон улсын зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлсэн. Улмаар гэмт бүлэглэлийн тээвэрлэхээр зэхэж байсан эхний дөрвөн ачилтыг таслан зогсоосон бөгөөд тус ажиллагааны үр дүнд нэг тунгаар 8 сая удаа хэрэглэх хэмжээний 810 кг. “героин” мансууруулах бодисыг хурааж авсан. Хураасан мансууруулах бодисын үнийн дүнг хар зах зээлийн үнээр тооцвол 1,2 тэрбум гаруй рубль болж байна.

Улс хоорондын шуудан илгээмжийг ашиглан мансууруулах бодисыг ОХУ-ын нутаг дэвсгэрт хууль бусаар нэвтрүүлэх явдал жилээс жилд өссөөр байна. Тогтмол өсөн нэмэгдэж байгаа олон улсын шуудан илгээмж дунд мансууруулах бодисыг нуун далдлах боломжтой, түүнчлэн тээврийн болон гаалийн бүрдүүлэлтийн хямд өртөг зардал нь үүнд шууд нөлөөлж байна.

БНХАУ-аас ОХУ-д явуулсан шуудангийн илгээмжид 500гр. жинтэй “прегабалин” гэх хүчтэй мансууруулах бодис нэвтрүүлэх гэж байсныг Хабаровск хотын гаалийн байгууллага 2021 оны 5 дугаар сард илрүүлсэн. Үүнтэй адил бодисыг Нидерландаас ирсэн шуудангийн илгээмжээс Астрахань хотын гаалийн байгууллага мөн илрүүлсэн. Казахстанаас ОХУ-д илгээсэн шуудангийн илгээмжид 431,28 гр. “сибутрамин” гэх хүчтэй мансууруулах бодис нэвтрүүлэх гэж байсныг Алс Дорнодын хууль сахиулах гаалийн байгууллага мөн илрүүлжээ.

эх сурвалж: customs.ru