mn GB
Mobile menu

ГЕГ-ЫН ДАРГА Б.АСРАЛТ ТЭРГҮҮТЭЙ МОНГОЛЫН ГААЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ОХУ-ЫН ХОЛБООНЫ ГААЛИЙН АЛБАНД АЖИЛЛАВ

2021

     ОХУ-ын Холбооны гаалийн албаны дарга В.И.Булавины урилгаар Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт тэргүүтэй монголын гаалийн төлөөлөгчид ОХУ-ын Холбооны гаалийн албаны 30 жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулагдсан “ОЛОН УЛСЫН ГААЛИЙН ФОРУМ-2021” арга хэмжээнд 2021 оны 10 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд оролцлоо.

     Тус ажлын хүрээнд Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт ОХУ-ын Холбооны гаалийн албаны орлогч дарга В.В.Ивин нар 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ажлын уулзалт хийлээ. Энэхүү уулзалтаар Монгол-Оросын гаалийн хамтын ажиллагааны өнөөгийн төлөв байдал, чиг хандлага, түүнчлэн Улаанбаатар хотноо 2019 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр байгуулсан “Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, ОХУ-ын Холбооны гаалийн алба хоорондын стратегийн хамтын ажиллагааны 2020-2024 оны төлөвлөгөө”-ний хүрээнд 2020-2021 онд хийсэн ажлын үр дүн, 2022 онд хэрэгжүүлэх ажлын талаар Талууд санал солилцлоо. Мөн монголын гаалийн байгууллагын боловсон хүчнийг ОХУ-ын Холбооны гаалийн албаны Гаалийн академид богино хугацаагаар мэргэшил дээшлүүлэхээр суралцуулахад дэмжлэг хүсэх, хиймэл оюун ухаан ашиглан гаалийн эрсдэл тооцож гаалийн бүрдүүлэлт хийж байгаа оросын гаалийн байгууллагын туршлагатай танилцах саналыг монголын талаас оросын талд тавьсан байна. Оросын тал монголын талын саналыг дэмжиж ажиллахаа илэрхийлээд, ОХУ-ын Холбооны гаалийн албаны Гаалийн академийн шинэ салбарыг Сибирийн бүс нутагт ойрын үед нээхээр төлөвлөж байгаагаа танилцууллаа. Энэхүү салбар нээгдсэнээр монголын гаалийн бөйгууллагын албан хаагчид Монгол Улсад хамгийн ойр байрлах тус салбар сургуульд суралцах боломжтой болно гэдгийг тэмдэглэсэн.

    Түүнчлэн оросын талаас ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд гаалийн төлөөлөгч томилон ажиллуулахтай холбоотой дотоодын процедурт ажиллагаа дууссан бөгөөд 2022 оны эхний хагас жилд багтаан уг төлөөлөгчийг томилон ажиллуулахаар болсон гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.
Уулзалтын үеэр хилийн боомтын бүтээн байгуулалт, шинэчлэлийн талаар Талууд харилцан мэдээлэл хийсэн бөгөөд оросын талаас олон улсын автозамын Хиагт хилийн боомтын бүтээн байгуулалтын ажил дуусч энэ оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээлгэн өгсөн, харин 2022 онд Монды боомтыг тохижуулах ажлыг эхлүүлнэ гэдгийг танилцууллаа. Монголын талаас мөн хоёр хөрштэй хил залгаа Монгол Улсын зарим хилийн боомт, үүнд ОХУ-тай хил залгаа - Алтанбулаг хилийн боомт, Боршоо хилийн боомт, түүнчлэн БНХАУ-тай хил залгаа 3 хилийн боомтод хийгдэж байгаа шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлын талаар мэдээлэл хийлээ.
Мөн Монгол Улс, ОХУ-ын хилээр нэвтрүүлсэн бараа, тээврийн хэрэгслийн мэдээллийг хоёр байгууллагын хооронд цахимаар дамжуулах ажил тогтворжиж, үр өгөөжтэй үргэлжилж байгааг оросын тал сайшаан тэмдэглээд, цаашид мэдээллийн технологийн чиглэлээр хийх ажлын талаар санал солилцох зорилгоор 2022 онд Монгол Улсад зохион байгуулагдах Монгол-Оросын мэдээллийн технологийн шинжээч нарын ажлын уулзалтад ОХУ-ын Холбооны гаалийн албаны шинжээчид оролцох болно гэдгээ мэдэгдлээ.
    Уулзалтын төгсгөлд "Зарим нэр төрлийн бараанд хийх гаалийн хяналт шалгалтын үр дүнг цахим байдлаар харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, ОХУ-ын Холбооны гаалийн алба хоорондын Протоколын Техникийн нөхцөл (хувилбар 1.0)-д Талууд гарын үсэг зурлаа.

99

ОЛОН УЛСЫН ГААЛИЙН ФОРУМ-2021”

ОХУ-ын Холбооны гаалийн алба байгуулагдсаны 30 жилийн ойд зориулсан “ОЛОН УЛСЫН ГААЛИЙН ФОРУМ-2021” форумын үйл ажиллагаа 2021 оны 10 дугаар сарын 21-22-ны өдөр зохион байгуулагдлаа. Энэхүү форумд 35 орны гаалийн байгууллагын төлөөлөгчид оролцсоноос гадна Дэлхийн гаалийн байгууллага (ДГБ)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Кунио Микурия, ОХУ-ын Сангийн сайд А.Силуанов, Евразийн эдийн засгийн комисс (ЕЭЗК)-ийн Коллегийн дарга М.Мясникович, ЕЭЗК-ийн Гаалийн хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн сайд М.Мамытканов зэрэг албаны хүмүүс оролцсон юм.
ДГБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кунио Микурия ОХУ-ын Холбооны гаалийн албаны хамт олонд баярын мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ: Оросын гаалийн байгууллага нь бусад орны гаалийн байгууллагын дунд ДГБ-ын тэргүүлэх үүрэгтэй гишүүн орон гэдгийг онцлон тэмдэглэхийн сацуу ДГБ-ын мэдээллийн технологийг хөгжүүлэхэд оросын гаалийн байгууллагын оруулж байгаа хувь нэмэр, ДГБ болон ОХУ-ын Холбооны гаалийн алба хоорондын хамтын ажиллагааг өндрөөр үнэллээ.
ОХУ-ын Засгийн газрын тэргүүн М.В.Мишустин “ОЛОН УЛСЫН ГААЛИЙН ФОРУМ-2021” форумын үйл ажиллагаанд амжилт хүсч, гаалийн байгууллагын орчин үеийн цахим бүрдүүлэлтийн үр өгөөж, ач холбогдлыг өндрөөр үнэлж, оросын гаалийн нийт албан хаагчдад цахимаар баярын мэндчилгээ дэвшүүлсэн.
Тус форумын хөтөлбөрийн дагуу “Дижитал технологийн үр өгөөжийн тухай”, “Цахим бүрдүүлэлтийн тухай”, “Олон улсын худалдаанд дижитал технологийг ашиглах нь”, “Эдийн засгийн итгэмжлэгдсэн операторын институцийн хөгжлийн чиг хандлагын тухай” зэрэг сэдвээр ОХУ-ын Холбооны гаалийн албаны удирдлага, гадаад орны гаалийн байгууллагууд болон бизнесийн төлөөлөл оролцсон уулзалт, хэлэлцүүлэг явагдсан байна.

rruuussss

Форумын хөтөлбөрийн дагуу ОХУ-ын Холбооны гаалийн албаны Москва муж дахь Цахим бүрдүүлэлтийн төвөөр зочилж, цахим бичиг баримтын баталгаажуулалт, цахим бүрдүүлэлтийг үндэслэн барааг гаалийн хяналтаас гаргаж, бүрдүүлэлтийг хийж дуусгадаг процедурт үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцууллаа. Тус төвд илгээгдсэн 4 мэдүүлэг тутмын 1 нь хиймэл оюун ухааныг ашиглан гаалийн эрсдэл тооцсоны дагуу хүний оролцоогүйгээр бүрдүүлэлт хийгдэж, гаалийн хяналтаас гардаг байна. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн байдлаар бага эрсдэлтэй аж ахуйн нэгжүүдийн бараа автоматаар олгогддог бөгөөд энэ нь нийт гаалийн мэдүүлгийн 26% буюу импортын 20%-иос дээш хувийг, харин экспортын 40% орчим хувийг тус тус эзэлж байна. ОХУ-ын гаалийн байгууллагад одоогоор 16 цахим бүрдүүлэлтийн төв ажиллаж байна.

russ