mn GB
Mobile menu

МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ НЭВТРҮҮЛЭХЭД БАРИМТЛАХ ХУУЛЬ, ЖУРМЫН ТУХАЙ

logo

1. Аливаа этгээд Монгол улсын хилээр авто тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхдээ бараа болон зорчигчийг улс хооронд тээвэрлэх, эсхүл тухайн тээврийн хэрэгслийг импортлох, экспортлох зорилгыг агуулж байдгаас шалтгаалан Монгол Улсын гаалийн байгууллага нь тээврийн хэрэгсэл, бараа гэсэн хоёр төрөлд ангилж, хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийг өгч ажиллахдаа гаалийн хяналт, шалгалтад хамруулах, гаалийн бүрдүүлэлтийг хийлгэх нөхцөл боломжийг хангадаг.

а/Тээврийн хэрэгсэл гэсэн төрөлд "Зорчигчийн хувийн тээврийн хэрэгсэл" болон "Улс хооронд байнгын болон байнгын бус тээвэрлэлт хийх тээврийн хэрэгсэл" хамаарах ба түүнийг ГТХ-ийн 3.1.5, 229-д заасныг баримтлан 6 сараас дээшгүй хугацаагаар, гаалийн болон бусад татваргүйгээр гаалийн хил /ГТХ-ийн 4.3/-ээр нэвтрүүлэх зөвшөөрлийг өгч, хяналт тавьж ажилладаг.
Энэ тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийг "Гаалийн мэдээллийн систем"-д бүртгэж, улмаар жолоочид "Тээврийн хэрэгслийн дагалдах хуудас"-ыг өгөх ба түүнийг тухайн тээврийн хэрэгслээ буцааж гаргахдаа гаалийн байгууллагадаа эргүүлэн өгнө. Хэрэв тогтоосон хугацаанд буцаан гаргах боломжгүй нөхцөл үүсвэл гаалийн удирдах төв байгууллагад мэдэгдэж зөвшөөрөл авсанаар хугацааг сунгуулж болох бөгөөд энэ тохиолдолд гаалийн бүрдүүлэлтийг /Горим сонгон/ хийлгэж, гаалийн болон бусад татварыг гаалийн түр дансанд байршуулсаны үндсэн дээр 1 хүртэлх жилээр гаалийн нутаг дэвсгэрт байлгана. Түүнчлэн зорчигч нь тухайн тээврийн хэрэгслээ буцаан унаж гарах нөхцөл үүсэхгүй тохиолдолд мөн адил гаалийн удирдах төв байгууллагад мэдэгдэж зөвшөөрөл авсанаар гаалийн бүрдүүлэлтийг хийлгэж биеэс тусдаа ачиж илгээнэ.

Жич: Түр хугацаагаар оруулах зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслийг Монгол Улсад худалдан борлуулах, бэлэглэн шилжүүлэх тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч болон шилжүүлэн авч буй этгээдүүд нь Монгол Улсын Иргэний хуулийн дагуу холбогдох гэрээ хэлцлийг хийж, Гаалийн удирдах төв байгууллагад хүсэлт ирүүлж, уг тээврийн хэрэгслийг Монгол Улсад бүрмөсөн оруулах зөвшөөрлийг авсаны үндсэн дээр шилжүүлэн авч буй этгээдийн нэр дээр "Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг"-ээр гаалийн бүрдүүлэлтийг хийлгэж, гаалийн болон бусад татварыг төлсөнөөр Монгол Улсын нутаг дэвсгэрт чөлөөт эргэлтэд оруулна.

б/Бараа гэсэн төрөлд Монгол Улсад импортлох болон Монгол улсаас экспортлох тээврийн хэрэгсэл хамаарах ба түүнийг гаалийн нутаг дэвсгэр /ГТХ-ийн 4.1/-т бүрмөсөн болон түр оруулах, гаалийн нутаг дэвсгэрээс түр болон бүрмөсөн гаргах зөвшөөрлийг өгөхдөө гаалийн мэдүүлгийг үндэслэн ГТХ-ийн 80-207-д заасныг баримтлан гаалийн бүрдүүлэлтийг хийнэ.

2.Автотээврийн хэрэгсэл бүхий бараанд гаалийн албан татвар 5%, НӨАТ 10% байгаа бөгөөд бүх төрлийн суудлын автомашинд онцгой албан татварыг ногдуулдаг. Онцгой албан татварын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн үйлдвэрлэсэн оноос хойшхи хугацаа болон хөдөлгүүрийн цилиндрийн багтаамжаас шалтгаалан 500-13000 ам.доллар байдаг.

2014-08-25

3.Автотээврийн хэрэгсэлийг гаалийн хилээр нэвтрүүлэхэд гаалийн тухай хуулиас гадна дор дурдсан журмыг баримтлана.
-Гаалийн ерөнхий газрын даргын 2010.11.11-ний өдрийн "Заавар батлах тухай" 573 тоот тушаалаар батлагдсан "Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг нөхөн бичих, шалгах заавар",
-Гаалийн ерөнхий газрын даргын 2010.12.16-ны өдрийн "Журам батлах тухай" 638 тоот тушаалаар батлагдсан "Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам",
-Гаалийн ерөнхий газрын даргын 2008.07.31-ний өдрийн 468 тоот тушаалаар батлагдсан "Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам".

Жич: Гаалийн хяналт, бүрдүүлэлттэй холбоотой хууль журам, зааврын мэдээллийг гаалийн байгууллагын www.ecustoms.gov.mn цахим хуудсанд байршуулсан байдаг.

Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн хэлтэс